Монгол улсад гадаадын томоохон сагсан бөмбөгийн легионер тоглогчид ирж бэлгэл хийн өөрсдийгөө танилцуулах арга хэмжээ зохиогдохоор болжээ.
Тодруулбал АНУ, Африк, Европ зэрэг улсуудын чадварлаг легионер тоглогчид Монгол улсад ирж, өөрсдийн ур чадвар, чадамж, потенциалаа харуулах бэлтгэл 09-р сарын 22-26-ны хооронд зохиогдох гэж байна. Монголын сагсан бөмбөгийн Дээд лиг үсрэнгүй хөгжиж буйтай холбоотойгоор гадаадын томоохон тамирчид манай Дээд лигийг сонирхох нь улам бүр ихсэж буй. Зөвхөн Дээд лиг ч гэлтгүй тус тамирчдаас хөгжлийн лигийн багууд ч сонгох боломжтой юм. Энэхүү үйл ажиллагааг Immaculate Sports болон Үндэсний Дээд лиг, М хөгжлийн лигүүд хамтран зохион байгуулж байна.
Энэхүү үйл ажиллагаа нь Дээд лиг болон Хөгжлийн лигийн багуудын удирдлага, дасгалжуулагч, менежерүүдэд томоохон тус болсон бэлтгэл болох ба тамирчид ч багуудтай шууд холбогдох, цаашлаад 2025-2026 оны улиралд гэрээ байгуулах ч боломжтой юм.