MSports logo
Үндэсний Дээд Лигийн BHC Гарьд багийн тоглогч Девой Жозеф
  • Ө
    Өсөхбаяр

    11 сарын 27

  • Үндэсний Дээд Лигийн BHC Гарьд багийн тоглогч Девой Жозеф

    Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигт тоглож буй импорт тоглогчдыг цувралаар хүргэж байна. Энэ удаа 2023-2024 оны улиралд BCH Гарьд багт нэгдсэн Девой Жосефыг онцолж байна.

    Түүний бүтэн нэр Давид Девой Жосеф бөгөөд Канад улсын Онтарио мужийн Торонто хотноо 1989 оны зургаадугаар сарын 21-нд Конни болон Дэвид Жосеф нарын ууган хүү болон мэндэлжээ. Түүний эцэг эх мөн сагсанбөмбөгөөр хичээллэдэг байсан ба Маунт Рояал коллежийн эрэгтэй, эмэгтэй сагсанбөмбөгийн шигшээ багт тоглож байхдаа танилцаж байжээ. Дэвой Жозефийг Голден Стэйт Уарриорс багийн тоглогч Kори Жосефийн ах гэдгээр нь хүмүүс сайн мэдэх юм. Ах дүү хоёр хамтдаа Канад улсыг төлөөлөн олон улсын тэмцээнд оролцдог байсан байна. Өдгөө 34 настай Канад залууг ДиЖэй хэмээн дууддаг байна.

    Үндэсний Дээд Лигийн BHC Гарьд багийн тоглогч Девой Жозеф

    Ахлах сургуулиа Онтарио мужийн Аякс хот дахь Пикерингийн сургуулийг төгссөн ба дүү Кори Жосефийн хамт тус сургуулийн AAAA сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд 2007, 2008 онд дараалан оролцож, аваргын төлөөх тоглолтод Зүүн Худалдааны Коллежийг хожиж байсан байна. 2008 онд аварга авсан тоглолтдоо хожлын шидэлт хийж нэг онооны зөрүүгээр аварга авсан байна. Сонирхолтой нь тэр жилд Дэвой Жозефийн аав Дэвид Жозеф тус багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байжээ. Дэвой төгсөх жилдээ нэг тоглолтод 24 оноо, 6 самбар, 5  оновчтой дамжуулалт дунджилсан байдаг. Канадын ахлах сургуулиудын шилдэг тоглогчоор гурван удаа шалгарч, Торонто Стар сэтгүүлээс гаргадаг ахлах сургуулийн бүх одод тоглогчоор мөн гурван удаа шалгарч байжээ. 2008 онд дүүгийнхээ хамт Канадын ахлах сургуулийн шилдэг тоглогчид хоорондоо тоглодог бүх одод маягийн “Бүх Канадын Сонгодог” тэмцээнд сонгогдон тоглож байв. 

    Үндэсний Дээд Лигийн BHC Гарьд багийн тоглогч Девой Жозеф

    2008-2011 онд онуудад Миннесотагийн Их сургуульд элсэн тоглож байсан бөгөөд 2011-2012 оны улиралд Орегоны Их сургуулиас тоглосон байна. 2009-2010 оны улиралд Миннесотагийн багаас нэг тоглолтод 7 удаа алсын зайнаас оруулж тус багийн рекордыг тогтоож байв. Эхний жилдээ 11.2 оноо, 3.5 оновчтой дамжуулалт, хоёр дахь жилдээ 9.4 оноо, 3 дамжуулалт дунджилж байжээ. Харин Орегоны Их сургуульд элссэн жилдээ 28 тоглолтын 25-д нь гараанд гарч тоглон 16.7 оноо дунджилсан ба тус жилдээ хамгийн ихдээ 33 оноонд хүрсэн байна. Их сургуулиа төгссөний дараа 2012 оны НБА-ын драфтад нэрээ өгсөн ч харамсалтай нь сонгогдож чадаагүй ажээ. НБА-ын зуны лигт нутгийнхаа баг болох Торонто Рэпторст нэгдэж 2013, 2014 оны жилүүдэд тоглож байсан байна. Эхний жилдээ таван тоглолтод оролцохдоо 15.9 минутыг талбайд өнгөрүүлж, 7.6 оноо, хоёрдох жилдээ 9.9 минут тоглож 9.9 оноо дунджилж байжээ.  

    Үндэсний Дээд Лигийн BHC Гарьд багийн тоглогч Девой Жозеф

    Ингээд мэргэжлийн замналаа 2012 онд эхлүүлж 7-р сарын 22-нд тэрээр Украйны Химик багт нэгдэж нэг жилийг өнгөрүүлсэн байна. Дараа жил нь 2013 оны 9-р сарын 5-нд тэрээр Испанийн Жовентут Бадалонатай нэг жилийн гэрээ байгуулсан. Түүний сагсан бөмбөгийн аялал үргэлжилж 2014 онд Туркийн Türk Telekom багтай, 2015 онд Монтенегро улсын Budućnost Podgorica багтай, 2016 онд Израилийн Маккаби Кирят Гат клубтэй, 2017 онд Венесуэлийн Буканерос де Ла Гуайра клубтэй, 2018 онд Туркийн TBL лигийн Бандырма Кызылтай, 2019 онд Польшийн дээд лигийн Сласк Вроцлавтай, 2020 онд Румин улсын Дээд лигийн Волунтари CSO-той, 2021 онд Польшийн сагсан бөмбөгийн лигийн Stelmet Zielona Góra зэрэг багуудтай гэрээ байгуулан тоглож байжээ. Дэвой Жозеф дээрх жилүүдэд 16.9 оноо, 3.5 самбар, 2.7 оновчтой дамжуулалт, 1.2 бөмбөг таслалт дунджилсан байна. 

    Үндэсний Дээд Лигийн BHC Гарьд багийн тоглогч Девой Жозеф

    Манай улсад ирэхээсээ өмнө Грек, Болгар, Серби, Монтенегро зэрэг улсын багууд оролцдог “Балканы Лиг”-т КБ Пежа багаас оролцож 24.4 оноо, 4.1 оновчтой дамжуулалт, 1.4 бөмбөг таслалт дунджилж бүх тоглогчдоос 21 дүгээр байрт жагссан байна. 

    Үндэсний Дээд Лигийн BHC Гарьд багийн тоглогч Девой Жозеф

    Дэвой Жозеф Канад улсаа төлөөлөн 2007 онд ФИБА-гийн 19 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, нэг тоглолтод 22.6 оноо авч тус тэмцээний шилдэг оноо түүгчдийн нэгээр шалгарч байв. 2013 онд ФИБА-гийн Америк тивийн аварга шалгаруулах тэмцээнд дүү Кори Жозефийн хамт оролцож 6-р байрт шалгарч байжээ. 

    Үндэсний Дээд Лигийн BHC Гарьд багийн тоглогч Девой Жозеф

    Өдгөө Монголын Үндэсний дээд лигийн BCH Гарьд багт нэгдэж 6-1 амжилттайгаар хүснэгтийн 3-р байрт бичигдэж байна. 

    Үндэсний Дээд Лигийн BHC Гарьд багийн тоглогч Девой Жозеф