MSports logo
1964 ОН – ТОКИО ОЛИМП
  • А
    Админ

    12 сарын 19

  • 1964 ОН – ТОКИО ОЛИМП

    Зуны олимпын наадам Ази тивд анх  удаагаа 1964 онд Токио хотод  зохион байгуулагдсан. Наран улсын нийслэл 1940 онд зуны олимпыг хүлээн авах байсан ч Япончууд Хятадад халдан довтолсны улмаас эрхийг нь Финланд улсын Хельсинки хот руу шилжүүлсэн. Улмаар дэлхийн 2-р дайны улмаас 1940 оны олимп цуцлагджээ. 
    Токиочууд олимп зохион байгуулах мөрөөдлөө 24 жилийн дараа биелүүлсэн аж. 1964 оны 10-р сарын 10-аас 24-ний өдрүүдэд зохиогдсон 18 дахь удаагийн зуны олимпод 93 улс орон баг тамирчдаа илгээсний тоонд Монгол улс багтсан байна. Ийнхүү манай тамирчид анх удаагаа цэнхэр гарагийн спортын хамгийн том тэмцээн, том дэвжээнд хөл тавьсан юм.

    Манай тамирчид тус наадамд оролцохын өмнөхөн л олимпын хөдөлгөөний тухай анхны ойлголттой болсон гэдэг. Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Пунцагноров тамирчдад зөвлөгөө өгч, Ю.Цэдэнбал дарга хүлээн авч уулзаад: Монгол, Японы харилцаа дайны байдлын үетэй адил шүү. Та бүхэн эх орныхоо нэр төрийг хамгаалж яваарай гэж хичээнгүйлэн захисан гэлцдэг.  
    Болгар, Ардчилсан Герман улсад анхныхаа олимпын өмнөх бэлтгэлээ хийсэн Монголын баг тамирчид Владивостокоор дамжин Токио хот руу усан онгоцоор хүрч байсан аж. Ардын багш, гавьяат тамирчин Чимидбазарын Дамдиншарав өөрийн дурдатгалдаа “Усан онгоц үзээгүй талын Монголын хүүхдүүд тэр хөлгөөр нэг өдөр, шөнө явж, гайхан биширч явсан. Их далай үзээгүй манайханд хаашаа ч харсан цэнхэр далай үзэгдэж байсан. Очсон хойноо олимпын хотхон гэдэг толгой эргэм том газарт олон орны залуустай хамт байрласан. Үзэл суртлын хувьд капиталист оронд болж байгаа учраас социалист орны залуус тухайн орныг магтах эрх байгаагүй. Олимпын тосгон үнэхээр гайхамшигтай сэтгэгдэл төрүүлсэн” гэж 1964 оны олимпыг дурсан санасан байдаг.
     Монгол улс анхныхаа олимпын наадамд спортын 5 төрөлд 21 тамирчнаа оролцуулсан. Туг баригчаар олноо “Champion” Найдан хэмээн алдаршсан хөнгөн атлетикийн дасгалжуулагч Найдан ажилласан байна.
    Жигжидийн Мөнхбат, Хорлоогийн Баянмөнх, Данзандаржаагийн Сэрээтэр, Өлзийсайханы Эрдэнэ-Очир тэргүүтэй 21 тамирчин Токиод медаль хүртэж чадаагүй ч Монгол улсын олимпын жимийг өнгөлөг тавьж өгсөн юм.
    1964 оны наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 52 кг-д Чимидбазарын Дамдиншарав, 57 кг-д Базарын Сүхбаатар, 63 кг-д Балдангийн Санжаа, 70 кг-д Данзандаржаагийн Сэрээтэр 78 кг-д Жигжидийн Мөнхбат, 87 кг-д Хорлоогийн Баянмөнх, 97 кг-д Цэрэндонойн Санжаа, Өлзийсайханы Эрдэнэ-Очир нар барилдсан. Их спортоор хичээллээд 3,4-хэн жилийн дараа ихэнх нь хорь дөнгөж гарсан залуучууд анх удаагаа дэлхий, олимпын аваргуудтай нэг дэвжээнд хурд, хүчээ үзэж, бөхийн төрлөөр Монголчууд амжилт гаргах боломж байгааг мэдэрсэн гэдэг.  
    Японы хэвлэлүүд хүртэл манай бөхчүүдийн бяр чадлыг магтан “Монголчууд дараачийн олимпоос медаль авах юм байна. Адууны сүүгээр угжуулж өссөн Монголчууд их хүчтэй байна” гэж бичиж байжээ. Монголын чөлөөт бөхийн тамирчдын амжилтын хуудсыг 1968 оны наадам эхлүүлсэн гэдэг ч оролцож явсан тамирчид Токиогийн олимп хэмээн бэлгэшээдэг. Дараа, дараагийн олимпод манай бөхчүүд даагаа н эхэн медалийн буухиаг эхлүүлж, тус наадмаас гараагаа эхэлсэн бөхчүүдээс 5 олимп дараалан оролцсон тамирчин ч байдаг.
    Хөнгөн атлетикийн төрөлд манай улсаас гурван тамирчин оролцож, эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд уралдсан Дуламын Амарсанаа нэгдүгээр шатанд хасагдсан ч 800 метрийн гүйлтийн уралдаанд 42-р байрт шалгарсан юм. Мөн түүнчлэн эмэгтэйчүүдийн 400 метрийн гүйлтэд өрсөлдсөн Рамазаны Алданыш 22-р байр, 800 метрийн уралдаанд 21-р байр тус тус эзэлжээ. Зээрэнцэг шидэлтийн төрөлд манай улсаас Дашзэвэгийн Намжилмаа оролцож, 17-р байрт эрэмблэгдэж байсан түүхтэй. Тэрээр 10 жилийн дараа Тегераны Азийн наадамд оролцсон төрлөөрөө мөнгөн медаль хүртсэн төдийгүй Монгол улсад хөнгөн атлетикийн спорт хөгжихөд үнэтэй хувь нэмрээ оруулсан нэгэн.
    Анхны олимпын наадамд Чойжилжавын Саманд, Янжингийн Баатар, Лувсангийн Эрхэмжамц, Лувсангийн Буудай нарын бүрэлдэхүүнтэй манай дугуйн шигшээ эрэгтэй бөөн гараатай болон багийн уралдаанд хурд, тэсвэр тэвчээрээ сорьсон юм. Хувийн бөөн гараанд Лувсангийн Буудай 82-р байранд орж, харин багийн уралдаанд манай дугуйчид 23-р байрт шалгарч байжээ. Эдгээр тамирчид Ж.Өлзий-Орших, З.Наран, Н.Нармандах зэрэг хойч үеээ замчилж, тэдний жимээр Монголын дугуйчид олон улсын мэргэжлийн багуудад уралдах болсон төдийгүй дугуйн спортоор Монголчууд бид хожмоо залуучуудын танхимын дэлхийн аваргатай болсон.
    Монгол хүний бие бялдар, ур чадвар, үндсэн өгөгдөлд нийцтэй буудлагын спортын төрөлд гурван тамирчин Токиод өрсөлдсөн байна. Урт бууны чөлөөт төрөлд Дэхлээгийн Ламжав оролцож 24-р байр, жижиг амтай урт бууны 3-р байрлалд Түвдийн Цэрэндондов 45-р байр, гар бууны төрөлд Түдэвийн Мягмаржав 40-р байрт эрэмблэгдсэн.  Үүнээс яг 10 жилийн дараа Мягмаржав манай улсын буудлага спортын түүхэн дэх олон улсын тэмцээний анхны медалийг Азийн наадмаас хүртсэн юм. Олимпоос гараагаа эхлүүлсэн тэрбээр хожмоо Монголын олон шилдэг тамирчдыг бэлтгэсэн. Тэдний нэг нь Монголын буудлагын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Лхагваагийн Ундралбат. 
    64 оны олимпод Монголын тамирчдын оролцсон бас нэгэн төрөл бол спортын гимнастик. Эрэгтэйчүүдийн олон төрөлтийн өрсөлдөөнд Загдбазарын Нямдаваа урьдчилсан шатанд 94-р байр, эмэгтэйчүүдийнхэд  Цагаандоржийн Гүндэгмаа  63-р байр эзэлж, мөн Ядамсүрэнгийн Туяа урьдчилсан шатанд 67-р байранд орж байжээ.
    Анхдагч тодотголтой Токио-64-т оролцсон манай тамирчдын олж авсан мэдлэг, туршлага хойч үедээ урам зориг, үр өгөөжөө өгч, Монголчууд бид энэ цагаас хойш цэнхэр гарагийн шилдгүүдийн наадамд амжилттай оролцсоор ирсэн юм.