Өчигдөр буюу 09- сарын 25-нд Монголын Үндэсний дээд лигийн аваргууд болох Улаанбаатар Амазонс баг БНХАУ-д түүхэн хожил байгууллаа. Тодруулбал Азийн эмэгтэйчүүдийн аваргуудын лигт анх удаа эх орноо төлөөлөн өрсөлдөж буй тэд тус тэмцээний өнгөрсөн жил дэд аварга Тайван улсын Cathay Life багийг үндсэн цагт 88-82 харьцаатай буулгаж аван шуугиан тарьлаа.
Түүхэн хожил байгуулсан Улаанбаатар Амазонс баг Япон, Солонгосын аваргуудтай тоглох магадлалтай
9 сарын 26


БНХАУ-ын Дунгуан спортын ордонд болсон FIBA WBL Asia 2025 тэмцээнд Улаанбаатар Амазонс баг Cathay Life-тай хийсэн хүнд тоглолтын эцэст хожил байгуулсан ба тэд 16 оноогоор хожигдож явсан ч эцсийн мөч хүртэл бууж өгөлгүй тэмцсэн юм. Эхний хагаст 48-34 харьцаатай тун хүнд байдалтай эхлүүлсэн ч хоёрдугаар хагаст тэс өөр Амазонсчууд талбай дээр гарч ирэв. гуравдугаар үед 9 оноо багаасаа илүү аван онооны зөрүүг ойртуулсан бол дөрөвүгээр үед төгс хамгаалалт, довтолгоог тольлуулж, эсрэг багтаа ердөө 15 оноог алдаж, 26 оноо авснаар эцсийн мөчид 88-82 харьцаатай өнгөрсөн жилийн дэд аваргуудыг буулгаж авлаа.

Тус тоглолтод Амари Робинсон 30 оноо, 10 самбартай дабл дабл гүйцэтгэн талбай дээрх бүх тоглогчдыг тэргүүлсэн. Kayleigh Thao My Truong 20 оноо, 3 самбар, 2 дамжуулалт, 2 бөмбөг таслалт гүйцэтгэж багтаа тус боллоо.
Мөн О.Хулан 19 оноо, 5 самбар, 1 хаалт, 3 бөмбөг таслалт гүйцэтгэж хамгаалалтын хамгийн том түлхүүр байлаа. А.Ариунцэцэг 13 оноо, 9 самбар, 4 бөмбөг таслалт гүйцэтгэсэн байна.
Манай аваргууд А хэсэгт 1-1 амжилттай яваа ба хагас шигшээд тоглох магадлал өндөр байна. Учир нь өмнөх тоглолтод манай багийг ялсан, өмнөх тэмцээний аварга, БНХАУ-ын аварга Dongguan New Century Club баг өнөөдөр Cathay Life багтай тоглох ба Dongguan New Century Club баг ялалт байгуулвал манай баг хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарах юм.
Хэрвээ хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарвал Японы Дээд лигийн аварга Fujitsu Red Wave болон БНСУ-ын аварга BNK Sum багуудын тоглолтоос шалтгаалж, аль ялсан багтай хагас шигшээд өрсөлдөх юм. Хагас шигшээ тоглолтууд маргааш эхэлнэ.
