Плэй-оффын эхний шатанд Нью Йорк Никс багт хожигдсоны дараа Филаделфиа 76ерс багийн ерөнхийлөгч Дэрил Мори улирлын төгсгөлд хийсэн хэвлэлийн бага хурал дээр ирэх улиралд олон өөрчлөлт оруулна гэдгээ мэдэгджээ. Тэрбээр өмнөх улирлын MVP, супер од Жоэл Эмбийд, энэ жил амжилт нь ахисан тоглогчоор шалгарсан Тайрис Макси нарыг хүрээлж, олон өөрчлөлт хийнэ гэдгээ амласан байна. Мөн ахлах дасгалжуулагч Ник Нөрсийг үлдээх ба дээрх чухал хоёр тоглогчдод дөрөөлж аварга авахын тулд багтаа эрс шинэчлэл хийхэд бэлэн байгаа гэнэ.
Дэрил Моригийн энэхүү мэдэгдэл нь Филаделфиад ирээдүйд болох зүйлсийг ойлгомжтой болгож байна. Учир нь гарааны болон үндсэн бүрэлдэхүүнд байсан Тобиас Харрис, Келли Өүбре Жр, Кайл Лаури, Николас Батум, Бадди Хилд зэрэг энэ улиралд гэрээ нь дуусах, багаас хамааралтай чөлөөт агент болж буй тоглогчдыг солилцоонд оруулж магадгүй байна.