Б.Чинзориг нь 1991 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав, ээж, нэг дүүтэй. Ам бүл дөрвүүлээ.
2005 онд Алдар спорт хорооны Гантулга дасгалжуулагчийн удирдлага дор боксын спортоор хичээллэж эхэлсэн. Сонирхогчдын боксын Ази тивийн аваргын алт, мөнгө, хүрэл буюу иж бүрэн медальтай. Азийн наадмын мөнгөн медалийн эзэн төдийгүй армийн дэлхийн аварга. Чинзориг буюу Чээско нь 2016, 2020 оны олимпын наадмуудад Монгол улсыг төлөөлж оролцсон.
Чөлөөт цагаараа өөрийгөө их сорихыг хүсдэг. Хамгийн сүүлд гэхэд энэ өвөл сноубоардаар гулгаж сурсан. Sur-ron унаж, гадуур аялах дуртай. Боксоос гадна хамгийн дуртай спорт гэвэл сагсан бөмбөг. Чөлөөт цагаараа шинэ зүйлс сурч өнгөрүүлэх дуртай.
10 жилд байхдаа спортоо болиод цаашид амьдралаа бодъё гэж эргэлзэж байсан үе байдаг. Амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр бол боксын спортоо орхиогүй, үргэлжлүүлсэн нь хамгийн зөв шийдвэр. Боксын спортоос маш олон зүйл сурсан. Маш олон зүйлд ч хүрсэн. Хамт олонтойгоо хамт байгаадаа, боксын спортоос үзсэн, сурсан даа энэ спортдоо үлдсэндээ зөв сонголт хийж гэж бодож явдаг.
Түүний хамгийн айдаг зүйл НОХОЙ. Бага байхдаа гэр хороололд вакцингүй нохой их байдаг байсан. Хаздаг, урдаг нохой их байсан учраас багаасаа айлын хашааны нохойноос айдаг болсон.
Дуртай хоолны хувьд яг тэр гэж оноосон хоол байхгүй. Сүүлийн үед олон төрлийн гоё, гоё хоолнууд байдаг болсон учраас 3-4 төрлийн хоолонд илүү дуртай, сонгож иддэг. Яг одоо бол чийз бяслагтай, раментэй, зайдастай догбуги идмээр байна.
Эмэгтэй хүнийг яг ийм, тийм байх ёстой гэж боддоггүй. Хүн болгоны онцлог өөр байдаг. Яг хүний хувьд бол сахилга баттай, биеэ удирдаж чаддаг, хийе гэсэн зүйлээ comfort zone-оосоо гараад хийж чаддаг хүнд дуртай.
Үлгэр дуурайлал авдаг хүн боксын спортоос гэвэл олимпын аварга Э.Бадар-Ууган ахаас үлгэр дуурайлал авдаг. Түүнийг олимпын аварга болох гээд эд хичээллэж байх үед нь хамт боксын спортоор хичээллэдэг байсан учраас тэр хүний өндөр сахилга баттай байгаа маш их хөдөлмөрийг хараад үлгэр дуурайлал авч байсан. Одоо ч гэсэн үлгэр дуурайлал авдаг.
Амьдралд хамгийн чухал зүйл гэж үздэг зүйл бол гэр бүл. Хүн аз жаргалтай байхын тулд маш олон зүйлийг хослуулж авч явах ёстой гэж боддог. Гэр бүл чухал. Мөн сайн найз нөхөдтэй байх хэрэгтэй. Өөрийн гэсэн хоббитой байх хэрэгтэй. Тодорхой хэмжээний санхүү, мөнгө байх ёстой. Хамт олон байх ёстой. Дуртай ажил, эрүүл мэнд гэх мэтчилэн эдгээр зүйлсэд анхаарал хандуулж, хослуулж явах нь амьдралд чухал байдаг.
Хүний амьдралд сэтгэлээр унах, бүтэлгүйтэх зүйлс байдаг. Тийм үедээ мэдрэмжээ дагах гэхээсээ илүү, механикаар ханддаг. Жишээлбэл тухайн сэтгэлээр унагасан зүйлсээ бодоод би эндээс юу сурч авав, яаж засаж залруулж болох вэ гэж бодоод дараагийн үйл, алхмуудаа боддог. Зөв тодорхойлж, бодол, хандлагаа сайн боддог. Миний хийж чадах зүйл энэ, чадахгүй зүйл энэ байна гэж ялгаж илүү практик боддог. Бүр хэцүү зүйлсээс гарахад найзууд, хамт олон ярилцаж, дэм болж тусалдаг. Сэтгэл гутралтай их уддаггүй. Гарах арга замаа бодож, гарах гэж хичээдэг.