Португалын шигшээ баг болон Английн Liverpool клубийн шилдэг довтлогч №20 Diogo Jota нь 2024-2025 оны улиралд клубийнхээ хамтаар Английн Премьер лигийн аварга болж 6 гоол оруулж 3 гоолын дамжуулалт өгсөн бөгөөд шигшээ багийнхаа хамтаар Европын Үндэстнүүдийн цомын тэмцээнд түрүүлж бахдам сайхан амжилтыг үзүүлсэн гайхалтай тамирчин байсан билээ.
Алдарт тамирчин Диого Жиотад дэлхийн олон одууд гүн эмгэнэл илэрхийллээ
7 сарын 4


Ердөө 11-хэн хоногийн өмнө олон жил үерхэж 3 хүүхдийн аав, ээж болсон хайрт Rute Cardoso-тойгоо хуримаа хийсэн билээ.

Түүний хувьд саяхан эмч нарын зөвлөснөөр уушгиндаа жижиг мэс ажилбар хийлгэсэн бөгөөд онгоцонд сууж болохгүй гэж зөвлөсний дагуу Португалиас Английн Liverpool хот руу авто машинтайгаа явж байгаад Испанийн Замора хотын хурдны зам дээр машин гүйцэж түрүүлэх үед дугуй нь буудаж замаас гарснаар өөрийн дүү болох André Silva-ийн хамтаар таалал төгсөж Дэлхий нийтийг цочирдуулж уй гашууд автуулаад байна.

Түүнийг таалал төгссөний дараа дэлхийн одууд болон клубүүд гашуудал илэрхийлж байна.
Cristiano Ronaldo: “Энэ бүхэн ямар ч утгагүй санагдаж байна, бид саяхан л хамтдаа аварга болж, чи минь саяхан л хуримаа хийсэн шүү дээ. Гэр бүл, хайрт эхнэр, энхрий үрсэд нь гүн эмгэнэл илэрхийлье. Би чамайг үүрд тэдэнтэй хамт байна гэдгийг мэдэж байна. Диего, бид үргэлж чамайг санах болно”.

Liverpool клубийн дасгалжуулагч Arne Slot: "Юу хэлэх вэ? Ийм үед ийм гүн гашуудлын мөчид хүн юу хэлж чадах вэ? Би яг тохирох үгийг олохыг хүсэж байна… Гэхдээ байхгүй нь үнэн. Миний анхны бодол бол дасгалжуулагч хүнийх биш. Харин эцэг хүний хүүгийн, ахын, авгын сэтгэл юм. Миний бодол Жота болон түүний дүү Андрэ Силвагийн гэр бүлтэй хамт байна. Тэдний туулж буй энэ уй гашуу бол үнэхээр төсөөлшгүй зүйл. Миний тэдэнд хандаж хэлэх үг тодорхой: та нар хэзээ ч ганцаараа алхахгүй. Ливерпүүлийн тоглогчид, багийнхан, дэмжигчид бүгд тантай хамт байна. Өнөөдөр харсан бүхнээс маань харахад хөлбөмбөгийн өргөн гэр бүл ч мөн адил тэдэнтэй хамт зогсож байна. Энэ нь зөвхөн уй гашуугийн хариу үйлдэл биш. Энэ бол Жота болон түүний дүүгийн хүн чанар тэднийг мэддэг бүхний хүндэтгэлийн илэрхийлэл юм. Манай клубт энэ осол бол үнэхээр гэнэтийн зүйл байлаа. Диого бол зүгээр нэг тоглогч биш байсан. Тэр бол бидний хайртай хүн, хамтрагч, нөхөр, хамт ажиллагсдын нэг байсан. Энэ бүх дүрд тэр онцгой нэгэн байлаа. Түүний багт авчирсан бүхнийг би энд уртаар ярихгүй. Харин түүнийг үзсэн хэн бүхэн түүний хөдөлмөрч байдал тэмүүлэл, үнэнч байдал, чадвар, гоолуудыг мэднэ. Тэр бол Ливерпүүлийн тоглогч ямар байх ёстойг харуулсан бодит жишээ. Бид хамгийн сүүлд ярилцахад би түүнд Үндэстнүүдийн Лигт түрүүлсэнд нь баяр хүргэж удахгүй болох хуримд нь амжилт хүсэн ерөөсөн. Энэ зун Жотагийн хувьд мөрөөдлийн зун байлаа. Тийм учраас энэ бүхний төгсгөл ийм байгаад сэтгэл эмтрэм байна. Клубт ирснийхээ дараахан би нэг дууг мэдсэн. Тэр бол манай фэнүүдийн Жотад зориулсан дуу байлаа. Би өмнө нь түүнтэй хамтарч ажиллаж байгаагүй ч Ливерпүүлийн фэнүүд олон шилдэг тоглогчийг харсан тэд түүнийг ингэж онцгойлон дуу гаргаж байгааг хараад л тэр онцгой хүн гэдгийг ойлгосон. Миний эмгэнэл Диогогийн эхнэр Руте, тэдний гурван сайхан хүүхэд мөн Диого, Андрегийн эцэг эхэд зориулагдаж байна. Цаг нь ирэхээр бид Диого Жотаг тэмдэглэн дурсах болно. Түүний гоолуудыг дурсан дууг нь дахин дуулна. Гэхдээ одоо бид түүнийг энгийн бус хүн байсан гэдгээр нь дурсаж, хүндэтгэж, гуниглан сууна. Тэр хэзээ ч мартагдахгүй. Түүний нэр бол… Диого.”

Түүний хуучин дасгалжуулагч Jurgen Klopp: “Энэ мөчид би өөрийгөө барьж дийлэхгүй нь! Ямар нэгэн гүн гүнзгий учир шалтгаан байх ёстой… Гэвч би харахгүй байна! Диого болон түүний дүү Андрэгийн нас барсан тухай сонсоод миний зүрх минь шархалж байна. Диого бол зөвхөн гайхалтай хөлбөмбөгчин байгаагүй... Тэр бол агуу найз, хайр халамжаар дүүрэн нөхөр, аав байсан! Бид чамайг үгүйлэх болно... маш ихээр! Миний бүх залбирал, бодол, сэтгэлийн хүч Диогогийн эхнэр Руте, тэдний хүүхдүүд, гэр бүлийнхэн, найз нөхөд, хайртай бүх хүмүүст зориулагдаж байна.
Тайван нойрсоорой, Диого...”

Португалын хөлбөмбөгийн холбоо: “Бид хоёр аваргаа алдлаа. Диого Жота, Андрэ Жота нарын үхэл бол Португалын хөлбөмбөгт нөхөж баршгүй гарз юм. Тэд бол зөвхөн талбай дээр төдийгүй амьдрал дээр ч манай бахархал байсан. Тэдний алдар гавьяаг бид өдөр бүр санаж хүндэтгэн, тэдний өвийг үргэлжлүүлэн залгамжлах болно.

Ливерпүүл клубын хамтан тоглогч Andy Robertson: “Одоо хамгийн ихээр бодогдоод, сэтгэл зовоогоод байгаа хүмүүс бол түүний гэр бүл. Тэдний амссан гарз хэтэрхий хүнд. Диого болон Андрег алдсан нь хэчнээн эмгэнэлтэй болохыг үгээр илэрхийлэхэд бэрх. Клубийн хувьд энэ бүхнийг хамтдаа даван туулахыг хичээнэ... ямар ч хугацаа шаардагдсан бай. Харин миний хувьд би найзынхаа тухай яримаар байна. Миний ахан дүүс шиг нөхөр. Миний хайртай хүн. Одоо түүнгүйгээр байх хэчнээн хэцүү байхыг таашгүй. Түүний тоглогчийн хувьд хэчнээн агуу байсан талаар би хэдэн цагаар ч ярьж чадна. Гэхдээ одоо энэ нь утгагүй санагдаж байна. Юу чухал байсан бэ гэвэл тэр л чухал. Тэр ямар сайхан сэтгэлтэй байсныг л хэлмээр байна. Үнэхээр сайн хүн, гайхамшигтай. Жинхэнэ энгийн мөртлөө бодит. Өөрийн хайртай хүмүүстээ үргэлж хайраар дүүрэн ханддаг байсан. Инээд хөөр хөгжилтэй зангаар дүүрэн. Гадаад тоглогчдын дундаас хамгийн “Британи” төрхтэй нь байсан. Бид тоглоомоор үнэндээ Ирланд хүн гээд ярьдаг байсан. Би бүр түүнийг Шотланд хүн гэж зүтгээд “Диого МакЖота” гэж дууддаг байлаа. Бид хамтдаа дартс үздэг, морин уралдаан сонирхдог. Энэ улиралд Челтнэмд очсон маань хамгийн дурсамжтай мөчүүдийн нэг болсон. Түүнийг хамгийн сүүлд харсан өдөр нь түүний амьдралын хамгийн аз жаргалтай өдөр байсан мэдээж Диогогийн гайхалтай хуримын өдөр. Тэр өдрийн инээмсэглэлийг нь би хэзээ ч мартахгүй. Эхнэр болон гэр бүлдээ хэчнээн их хайртай байгаагаа тэр өдөр харуулж байлаа. Бид ингээд түүнд баяртай гэж хэлэх гэж байгаа гэдэгт итгэж ч чадахгүй байна. Хэтэрхий эрт, маш харамсалтай. Маш их өвдөлт мэдрэгдэж байна. Гэхдээ надад ийм найз байсанд үнэхээр баярлаж байна, найз минь чи миний амьдралыг илүү сайхан болгосон.
Хайртай шүү, Диого.

Lionel Messi: Гүн эмгэнэл илэрхийлье”
