MSports logo
2030 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга Европ, Африк, Өмнөд Америкт буюу гурван тивд зохиогдоно
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 10

  • 2030 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга Европ, Африк, Өмнөд Америкт буюу гурван тивд зохиогдоно

    Ирэх хөлбөмбөгийн дэлхийн аварга буюу 2026 оны ДАШТ Мексик, АНУ, Канад зэрэг орнуудад болох бол 2030 оны тэмцээн анх удаа гурван тивд зохиогдох гэж байна. Тодруулбал анхны ДАШТ-ээс 100 жилийн дараа зохион байгуулах дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үндсэндээ Марокко, Португал, Испани улсуудад зохиох ч нэмэлт тоглолтуудыг Уругвай, Аргентин, Парагвайд зохион байгуулснаар Америк, Европ, Африк гэсэн гурван тивийг хамарсан анхны ДАШТ болох аж. 

    Тус тэмцээн Морокко, Португал, Испани улсууд албан ёсны хамтран зохион байгуулагч орон байх боловч хөлбөмбөгийн нэмэлт буюу нөхөрсөг тоглолтууд Уругвай, Аргентин, Парагвайд болно хэмээн Олон улсын хөлбөмбөгийн холбооноос 10-р сарын 4-ний өдөр мэдэгджээ. 

    Өмнөд Америкт болох Монтевидео, Буэнос-Айрес, Асунсьон  тус бүр нэг тоглолт зохион байгуулж байгаа нь Уругвайд болсон анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 100 жилийн ойг дурсаж буй арга хэмжээ юм гэжээ.  2030 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Европ, Африк, Өмнөд Америкт зохион байгуулна гэсэн мэдэгдэл нь Испани, Португал, нөгөөг нь Аргентин, Уругвай, Чили, Парагвай тэргүүтэй хоёр том тендерийн өрсөлдөөнийг зогсоож байна.

    ФИФА-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино хэлэхдээ "Хуваагдсан тив, улсуудыг ДАШТ, хөлбөмбөг хоёр нэгтгэж байна. 1930 онд Уругвайд анх удаа зохион байгуулагдаж байсан хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 100 жилийн ойг хамгийн зөв хэлбэрээр тэмдэглэхийг хөлбөмбөгийн ертөнцийг бүхэлд нь төлөөлсөн ФИФА-гийн зөвлөл санал нэгтэй зөвшөөрөв" гэжээ.