MSports logo
NBA-ийн 2025 оны драфтын шилдэг сонголт гэгдэж буй Купер Флагг “New Balance”-тай гэрээ байгууллаа
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 27

  • NBA-ийн 2025 оны драфтын шилдэг сонголт гэгдэж буй Купер Флагг “New Balance”-тай гэрээ байгууллаа

    Дьюкийн их сургуулийн оюутан, сагсан бөмбөгийн авьяасаа аль хэдийн олонд таниулаад амжсан Купер Флагг дэлхийн загвар болоод, хувцасны томоохон брэнд New Balance-тай хоёр жилийн пүүзний гэрээ байгуулжээ. 

    Түүнийг олон шинжээч, сэтгүүлчид 2025 оны NBA-ийн драфтын 1-р сонголт болох боломжтой хэмээн үзэж буй юм. New Balance брэндтэй өмнө нь Кавай Леонард, Тайрис Макси, Жамал Мюррей, Камерон Бринк зэрэг сагсан бөмбөгийн одууд гэрээ байгуулж байсан бол энэ удаа залуухан авьяастан Купер Флаггг тэдний эгнээнд нэгдэж байна.


    Купер Флагг нь ахлах ангидаа 16.5 оноо, 7.5 самбар, 3.8 оновчтой дамжуулалт, 3.7 бөмбөг таслалт, 3.7 хаалт дунджилж, 34-0-ийн харьцаатайгаар Монвердегийн Академийн багийн хамт үндэсний аварга болсон удаатай. Мөн тэрбээр Gatorade брэндийн “Үндэсний шилдэг тоглогч”, АНУ-ын “Mr.Basketball”, Нэйсмитийн нэрэмжит бэлтгэлийн оны шилдэг тоглогчийн өргөмжлөлөөр шагнагдаж байсан удаатай.

    Тэрбээр Нью Баланс брэндтэй гэрээ хийсэн талаараа "Би багаасаа Нью Баланс өмсөж өссөн. Тэднийг олон нийтэд зориулан хувцас үйлдвэрлэж, жинхэнэ утгаараа бидэнтэй холбогдсонд нь би талархаж байна" хэмээн мэдэгджээ. 

    Финикс Санс багийн супер од, АНУ-ын шигшээ багийн тамирчин Кевин Дурант АНУ-ын сагсан бөмбөгийн баазад түүнтэй уулзсан талаараа "Тэр үнэхээр гайхалтай тоглогч шиг харагдаж байна. Тэр энд 17 настай гэсэн ч яг л насанд хүрсэн туршлагатай тамирчин шиг тоглож байна. Ямар ч сэтгэл хөдлөл байхгүй. Зүгээр л энд ирээд ажлаа хийчхээд явж байгаа нь сайны шинж шүү” хэмээн магтсан удаатай.