Дами Сара Стори бол Их Британийн дугуйн спортын тамирчин, усанд сэлэгч, паралимпын олон удаагийн алтан медальт, Их Британи улсын үндэсний зургаан удаагийн аварга болсон тамирчин юм. Тэрээр паралимпын наадамд усанд сэлэлт болон унадаг дугуйн төрлөөр оролцохдоо нийт 28 медаль хүртсэн бөгөөд үүнээс 17 нь алтан медаль аж. Энэ нь түүнийг бүх цаг үеийн хамгийн амжилттай, хамгийн олон медаль хүртсэн Их Британийн паралимпын тамирчин төдийгүй бүх цаг үеийн шилдэг паралимпын тамирчдын тоонд зүй ёсоор бичүүлж байгаа юм.
Стори нь эхийн хэвлийд байхдаа гар нь хүйндээ орооцолдож, гар нь хэвийн хөгжөөгүйн улмаас зүүн гар нь ажиллагаагүй төржээ. Тэрээр үүнээсээ болж бага сургуульд байхдаа дооглуулж дээрэлхүүлдэг байж. 10 настайдаа анхны усан сэлэлтийн дугуйландаа элссэн бөгөөд дасгалжуулагч нь ямар ч дасгалыг сайн хийж чадахгүй хэтэрхий оройтсон гэж хэлсэн байна. Гэсэн ч тэр бусдын үгэнд авталгүй усан спортор хичээллэж анх 14 настайдаа паралимпын гараагаа усанд сэлэгчээр эхлүүлж, 1992 онд Барселонд болсон зуны паралимпод хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медалийг хүртэж анхны амжилтын түүхээ бичүүлж байжээ.
Томоохон амжилтуудаас дурдахад дэлхийн 29 удаагийн аварга (усанд сэлэлтийн 6, дугуйн 23), Европын 21 удаагийн аварга (усанд сэлэлтийн 18, дугуйн спортоор 3) болон дэлхийн 75 дээд амжилтыг эзэмшиж байжээ. Тэрээр 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016, 2020 онуудад найман удаа оролцож, Парис-2024 паралимпод ес дэх удаагаа Их Британи улсаас сонгогдсон байна.
19 насны босгон дээр архаг ядаргааны хам шинж ME/CFS гэсэн оноштой болох нь тогтоогдсон ч тэрээр усанд сэлэлтийн бэлтгэлээ үргэлжлүүлэн Атланта-1996 паралимпод 100м-ийн араар даллах, 200 м-ийн ганцаарчилсан сэлэлтийн төрөлд ахин алтан медалийг хүртсэн бол Сидней-2000, Афин-2004 оны паралимпын хоёр наадмаас дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртэж усан спортын карьераа өндөрлүүлжээ.