MSports logo
ДАШТ-2026: Испани, Египетийн шигшээ багууд чухал хожлууд байгууллаа
  • П
    Пүрэвлхагва

    6 сарын 22

  • ДАШТ-2026: Испани, Египетийн шигшээ багууд чухал хожлууд байгууллаа

    Хөлбөмбөгийн ДАШТ-2026 тэмцээний хэсгийн шатны ээлжит тоглолтууд өндөрлөж, Испани болог Египетийн шигшээ багууд чухал ялалт байгуулсан бол Кабо Верде дахин нэгэн сенсац дэгдээж Уругвайгаас оноо салгалаа.

    Испани 4:0 Саудын Араб

    ДАШТ-2026: Испани, Египетийн шигшээ багууд чухал хожлууд байгууллаа

    H хэсгийн хүрээнд Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр илүүрхэн буулган авлаа. Тоглолтын 10 дахь минутад залуу од Ламин Ямаль ДАШТ дэх анхны гоолоо оруулж тооны харьцааг нээсэн бол Микель Оярсабаль 21 болон 24 дэх минутуудад дараалан гоол оруулж, ердөө 14 минутын дотор тоглолтын хувь заяаг үндсэндээ шийдсэн юм. Хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад буюу 49 дэх минутад Саудын Арабын хамгаалагч Хассан Аль-Тамбакти өөрийн хаалгандаа гоол оруулснаар Испанийн шигшээ баг 4:0 харьцаатайгаар итгэл төгс ялалт байгууллаа. Эхний тойрогт Кабо Вердетэй гоолгүй тэнцсэн Испаничууд ийнхүү дөрвөн оноотой болж хэсгээ тэргүүлж эхэллээ.

    Бельги 0:0 Иран

    ДАШТ-2026: Испани, Египетийн шигшээ багууд чухал хожлууд байгууллаа

    G хэсгийн хоёрдугаар тойргийн эхний тоглолт болох Бельги, Ираны тулаан харин гоолгүй өндөрлөсөн юм. Хоёр багийн хамгаалалт сайн ажиллаж, Бельгийн шигшээ баг хэд хэдэн аюултай боломж үүсгэсэн ч гоол орсонгүй. Бельгийн хамгаалагч Натан Нгой 66 дахь минутад улаан хуудас авч талбайг орхисон нь тоглолтын хамгийн онцлох мөч байлаа. Гэсэн ч Иран илүү тоглогчтой болсон давуу талаа ашиглаж чадалгүй, багууд тус бүр нэг оноо хуваан авлаа.

    Уругвай 2:2 Кабо Верде

    ДАШТ-2026: Испани, Египетийн шигшээ багууд чухал хожлууд байгууллаа

    H хэсгийн хоёрдугаар тойргийн хоёр дахь тоглолт Уругвайн шигшээ баг болон Кабо Вердегийн шигшээ багуудын хооронд явагдаж, 2:2 харьцаатайгаар тэнцлээ. Тоглолтын 21 дэх минутад Кевин Пина 30 гаруй метрийн зайнаас гайхалтай чөлөөт цохилт гүйцэтгэн Кабо Вердегийн ДАШТ-ий түүхэн дэх анхны гоолоор тэргүүлж эхлэв. Уругвайчууд эхний үеийн төгсгөлд эргэн ирж, 44 дэх минутад Макси Араухо тэнцээний гоол оруулсан бол эхний үеийн нэмэлт цагийн зургаа дахь минутад Агустин Каноббио гоол оруулж, Өмнөд Америкийн баг 2:1-ээр эхний хагаст тэргүүлэв. Гэвч Кабо Верде бууж өгсөнгүй. 61 дэх минутад сэлгээнээс орж ирсэн Хелио Варела Уругвайн хаалгачийн алдааг ашиглан тооны харьцааг дахин тэнцүүлж, багтаа үнэтэй нэг оноо авчирсан юм. Энэхүү үр дүнгийн дараа Кабо Верде хоёр тоглолтоос хоёр оноотой болж хэсгээс гарах бодит боломжтой хэвээр үлдлээ.

    Шинэ Зеланд 1:3 Египет

    ДАШТ-2026: Испани, Египетийн шигшээ багууд чухал хожлууд байгууллаа

    G хэсгийн хоёрдугаар тойргийн хоёр дахь тоглолт Шинэ Зеланд болон Египетийн шигшээ багуудын тоглолт 3:1 харьцаатайгаар Египетийн шигшээ багийн хожлоор өндөрлөлөө. Тоглолтын 15 дахь минутад Финн Сурман Шинэ Зеландыг тэргүүлэлд гаргасан ч Египетийн шигшээ хоёрдугаар үед гайхалтай эргэн ирэлт хийсэн юм. 58 дахь минутад Мостафа Зико тэнцээний гоолыг оруулсан бол 67 дахь минутад Мохамед Салах торгуулийн талбай дотроос боломжоо ашиглан Египетийг анх удаа тэргүүлэлд гаргав. Улмаар 82 дахь минутад Трезеге гурав дахь гоолыг нэмж оруулснаар Африкийн төлөөлөгчид түүхэн ялалт байгууллаа. Египет ийнхүү дөрвөн оноотой болж G хэсгийг тэргүүлж байна.

    Эдгээр багуудын хэсгийн сүүлийн тоглолтууд (Монголын цагаар):

    06-р сарын 27-нд

    08:00 цагаас — Кабо Верде vs Саудын Араб

    08:00 цагаас — Уругвай vs Испани

    11:00 цагаас — Шинэ Зеланд vs Бельги

    11:00 цагаас — Египет vs Иран

    Мэдээллийн ивээн тэтгэгч: ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД