Улирлыг маш тааруу эхлүүлж 2-8 амжилттайгаар бүсийнхээ адагт Филитэй хамт бичигдэж явсан Милуаки Бакс баг гайхалтай эргэн ирэлтийг хийж ердөө хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй NBA-н цомын төлөөх тэмцээний аварга багаар тодорлоо. Муу эхлэлийг тавих үед Яннисын амнаас багаа орхиж явна гэж хэлж байсан ч удаа бий. Тэд финалын шатанд Оклахама Сити Тандер багт хамгаалалт гэж юу байдаг гэдгийг утгаар нь мэдрүүлж 97-81 харьцаатай хожлоо. Тэд сүүлийн 20 тоглолтныхоо 14-т нь ялж 14-11 амжилттайгаар бүсийнхээ 5-р байранд орж ирсэн байна. Гэхдээ финалын тус тоглолт нь улирлын амжилтанд нь тооцогдохгүй ба уг хоёр багийн 83 дахь тоглолт гэж ойлгож болно.
ОКС өнөөдөр багаараа 33.7%-тай довтолж гурвын шугамны ардаас бүр 32 шидэж ердөө 5-ийг нь унагаж 15.6%-ийн гүйцэтгэлтэй дэндүү муу шидлээ. Тэд муу шидсэн гэхээсээ илүү тэднийг Бакс муу шидүүлсэн гэж хэлэхэд болно. Өчигдрийн нийтлэлээрээ онцолж байсан Андре Жексон ЖР хамгаалалт дээр хийх ёстой бүхнийг хийж, ОКС багийн лидер Шей-ийг тоглолтын турш дагаж хамгаалан 30+ оноог дундажлаж буй түүнийг ердөө 21 оноо авахуулж, 24 довтолж 8-ийг нь л амжилттай болгосон байна.
Харин довтолгооны тухайд Баксийн хоёр лидер Яннис, Дейм нар туршлага харуулж тоглолтын эхнээс л хариуцлагийг өөр дээрээ авч довтолгоо хамгаалалт дээр дэндүү төгс байлаа. Ялангуяа Яннис шийдвэрлэх тоглолтод яг л ийм төвлөрчихсөн хожно гэсэн бол хожиж чаддаг даа. Тэрээр өнөөдөр 26 оноо, 19 самбар, 10 дамжуулалт өгөн трипл-дабл хийж хамгаалалт дээр тун идэвхтэй байж 3 хаалт, 2 таслалт мөн гүйцэтгээж амжжээ. Тийм дээ ч эргэлзэх зүйлгүй түүнд NBA-н цомын тэмцээний MVP шагналыг гардууллаа.