2000 оны 1 сарын 1нд Дорноговь аймгийн Сайншандад айлын ууган хүү болон мэндэлсэн. Ам бүл 5. Нэг эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй. Хүүхэд нас маань Улаанбаатар хотод өнгөрсөн. Спортод дуртай тэр дундаа хөлбөмбөгт илүү сонирхолтой хүүхэд байсан.
Аав маань сагсан бөмбөгийн тамирчин хүн байсан. Тийм болохоор Ааваасаа үлгэр жишээ авч уг спорт руу ороход чухал нөлөө үзүүлсэн болов уу гэж бодож байна. Анх 2012 онд Dreamteam тэмцээнд оролцож анхны алтан медалиа авч байсан. Дараа нь улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцон хүрэл медаль авснаар илүү урам зориг авч уг спортод гүнзгий дурлах болсон.
Сүүлийн үед гаргасан амжилтууд гэвэл 2023 онд "Дэлхийн оюутны универсиад" улсын шигшээ багт багтаж тоглосон. Мөн Үндэсний дээд лигт 2023-2024 оны MIP буюу "Амжилт нь ахисан тоглогч" болсон. Ойрын зорилго гэвэл улирлын тоглолтоо багаараа амжилттай давах. Ирээдүйд Монгол улсын шигшээ багт оролцох хүсэл зорилготой байна.
Чөлөөт цагаараа ном унших дуртай. Сүүлийн үед бокс сонирхож хичээллэж байгаа.
Зуны улиралд илүү дуртай. Дулаахан бас бусад улирлаас илүү өнгө нэмдэг санагддаг.
Сүүлийн үед эрэгтэй хүмүүсийн дунд нэг нэгнээ хүндлэх хүндлэл байхгүй болсон юм шиг анзаарагдаж байна. Тийм болохоор бусдаас гэлтгүй бас өөрөөсөө анзаарч, ажиллаж байгаа 3 зүйл байгаа. Хүндэтгэлтэй байдал, сахилга бат, хичээнгүй байдал. Энэ 3 зан чанар хүнд байх ёстой хамгийн чухал зан чанар гэж боддог. Тэр тусмаа эрэгтэй хүн зорьсон зүйлдээ тууштай байж, хийнэ гэсэн зүйлээ хийдэг байх сахилга бат байх ёстой гэж боддог.
Эр нөхрөө хүндэлдэг, бурхнаас эмээдэг, ухаалаг эмэгтэй хүн хамгийн их таалагддаг. Эр нөхрөө хүндэлдэг эмэгтэй хүн цаанаасаа гоё харагддаг гэж боддог.
Өөрийгөө кино жүжигчнээр төсөөлбөл адал явдалтай эсвэл миний тухай хийсэн кинонд л өөрийнхөө гол дүрийг бүтээх байх.
Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгддэг гэдэг. Тийм болохоор тавьсан зорилгодоо тэмүүлж л байгаа бол замд таарах жижиг бартаануудад битгий шантраарай гэж хэлмээр байна.