18 хүртэлх насны эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Хятадын Шэньжэнь хотод үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд Австрали, Индонези, Малайз, Хятад, Япон, Шинэ Зеаланд, Тайвань, Өмнөд Солонгос зэрэг найман улс оролцож байгаа бөгөөд ганцхан тамирчин л олноос онцгойрч байна.
Тэр бол Хятадын шигшээ багийн тамирчин, 2.2 метр өндөр, 17 настай Жань Зиюү. Анхны олон улсын тэмцээндээ оролцож буй тэрбээр эхний тоглолтдоо Индонезийн эсрэг сэлгээнээс 13 минут тоглохдоо 19 оноо, долоон самбар, гурван хаалт гүйцэтгэжээ. Дараагийн тоглолтдоо Шинэ Зеаландын эсрэг гараанд гарч, 36 оноо, 13 самбар, дөрвөн хаалт гэсэн үзүүлэлттэй ялалт байгуулав.
Харин зургаадугаар сарын 26-ны өдөр Японы шигшээ багийн эсрэг 44 оноо, 13 самбар авч, тус тэмцээний түүхэнд нэг тоглолтод хамгийн өндөр оноо авсан тоглогч болжээ. Түүнээс өмнө 2022 онд Тайванийн Хсиао Ү Вэн нэг тоглолтод 39 оноо авч, дээд амжилт тогтоосон аж.
Хятадын шигшээ баг өрсөлдөгч багуудаа илт давуу ялсаар хагас шигшээд шалгарчээ.
Олон улсын хэвлэлүүд хэдийнээ Жань Зиюүг онцолж, Хятадын домогт сагсан бөмбөгчин Яао Минтэй харьцуулж байна. Хэрэв залуу охин энэ эрчээрээ байвал тун удахгүй WNBA-д тоглох боломжтой гэнэ.