2023-2024 оны NBA-ийн улирал болон драфтын үйл ажиллагаа дууслаа. 30 баг яг өнгөрсөн долоо хоногоос эхлэн багт хэрэгтэй тоглогчдоо авч үлдэн, зарим тоглогчдоо аль хэдийн солилцоонд оруулж, заримыг солилцоонд оруулахыг зэхээд буй. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт болсон онцлох гэрээ, солилцоо наймааг тоймлон хүргэж байна.
NBA: Өнгөрсөн долоо хоногт болсон солилцоо, наймаа, шуум, гэрээнүүдийн тойм
6 сарын 29
Финикс Санс багийн төвийн тоглогч Дрю Юбанк жилийн 2.6 сая долларын цалингаас татгалзаж, чөлөөт агент болохоор шийджээ. Тэрбээр өнгөрсөн улиралд Санс багтай нэг жилийн гэрээ байгуулсан ба 75 тоглолтод оролцохдоо 5.1 оноо, 4.3 самбар дунджилсан байна.
Кливлэнд Кавальерс баг дараачийн дараагийн ахлах дасгалжуулагчаар Голден Стэйт Уарриорс багт сүүлийн гурван жил туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан Кенни Аткинсонтой урт хугацааны гэрээ байгууллаа. Тэрбээр тус багийн ойрын 5 жилийг хариуцаж ажиллахаар болсон байна.
Торонто Рэпторс баг, өнгөрсөн жил бүх од болсон Скотти Барнст таван жилийн 270 сая долларын гэрээ байгуулахаар төлөвлөж байна. Барнс тус багийн ирээдүй гэгдэж байгаа бөгөөд Рэпторсын түүхэн дэх хамгийн өндөр цалинтай тоглогч болох боломжтой. Рэпторс Барнс дээр тулгуурлан багаа босгохоор төлөвлөж буй ба түүнтэй 7-р сарын 6-нд гарын үсэг зурах төлөвтэй байна.
Рэжжи Жэйксон Денвер Наггетс багтайгаа хамт 2024-2025 оны улиралд нэг жилийн 5.25 сая долларын гэрээ хийсэн ч өчигдөр Шарлотт Хорнетс багаас драфтын 2-р тойргийн гурван эрхээр солигдсон байна.
Миннесота Тимбервулвс багийг бүсийн финалд хүргэсэн ахлах дасгалжуулагч Крис Финч 2027-28 оны улирал хүртэл дөрвөн жилээр гэрээгээ сунгасан байна. Залуухан бүрэлдэхүүнийг өндөр амжилтад хүргэсэн түүнд чононууд ирээдүйгээ даатгажээ.
Энэ жилийн хамгийн том гэрээнүүдийн нэг Нью-Йорк Никс баг чөлөөт агент болоод байсан ӨЖ Анунобитой таван жилийн 212.5 сая долларын гэрээ хийлээ. Өнгөрсөн жилийн амжилтад чухал нөлөө үзүүлсэн түүнд Никс гар татсангүй. Улмаар Жулиус Рандлд өгөх цалингийн сул зай үлдсэнгүй хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.
Вашингтон Визардс баг Дени Авдияаг 2029 оны 14 дэх сонголтын хамт Портланд Трэйл Блэйзерс багруу явуулж, оронд нь Малколм Брогдон болон 2-р тойргийн хоёр эрх авсан байна.
Энэ жил чөлөөт агент болоод байсан Брүүклин Нетс багийн тоглогч Ник Клакстон багтайгаа дөрвөн жилийн 100 сая долларын гэрээ хийж үлдэхээр болсон байна.
Сакраменто Кингс баг Дэвион Митчелл, Саша Везенков болон 2024 оны драфтын 45 дахь сонголтуудаар Торонто Рэпторс багийн тоглогч Жален МакДаниэлсийг авчээ.
Энэ жилийн мөн адил том гэрээнүүдийн нэг Торонто Рэпторс багийн хамгаалагч Иммануэль Күйкли багтайгаа таван жилийн 175 сая долларын гэрээ байгуулахаар болсон байна. Ийнхүү Күйкли Торонто Рэпторс багийн ирээдүй гэдгээ батлан харууллаа.
Даллас Маверикс баг Тим Хардауэй Жр болон 2028 оны драфтын 2-р тойргийн гурван эрхээ Детройт Пистонс багийн Күентин Граймсаар солилоо.
Голден Стэйт Уарриорс Крис Полтой хийсэн 2024-2025 он хүртэлх 30 сая ам.долларын гэрээг сунгах эсэхээ шийдвэрлээгүй байна. Гэрээг баталгаажуулах хугацаагаа дахин сунгасан бөгөөд тэд Клэй Томпсонтой хийх гэрээ болон бусад наймуудаа харгалзан үзэж, Крис Полтой гэрээ хийх бодолтой байна.
Торонто Рэпторс баг чөлөөт агент болоод байгаа Брюс Браунтай 23 сая долларын гэрээ хийх бодолтой байна. Чөлөөт агентын зах зээлд үнэ цэнтэй байгаа хамгаалагч Брауныг авах багууд олон тул тэд багтаа үлдээхийн тулд багадаа 23 сая долларын гэрээ байгуулна.
Шарлотт Хорнетс баг өчигдөр гэрээ нь дуусаад байсан Сэт Көрриг багтаа авч үлдсэнгүй. 7-р сард чөлөөт агент болох түүнтэй дахин шинэ гэрээ байгуулах бодолтой байгаа ч тэр хүртэл өөр солилцоо наймаанд анхаарахаар болжээ.
Атланта Хокс багт өнгөрсөн жил маш сайн улирлыг өнгөрүүлсэн Дежоунте Муррейг Нью Орлеанс Пеликанс багруу сольж явууллаа. Хокс Пеликанс багаас Лэрри Нэнс Жр, Дайсон Даниэлс болон 2025 оны эхний тойргийн сонголт, 2027 оны эхний тойргийн сонголтуудыг авсан байна. Ийнхүү солигдоно гэж яригдаад байсан гарааны холбон тоглогч Трэй Янг багтаа үлдэх нь улам бүр баттай болжээ.
Энэ жил гэрээ нь дууссан Денвер Наггетс багийн супер од Жамал Мюррэй багтайгаа супер макс буюу дөрвөн жилийн 209 сая долларын гэрээ байгууллаа.