MSports logo
ЯПОНЫ ШИЛДЭГ УРАН ГУЛГАГЧДЫН ОРОЛЦОХ ТАЛ НУТГИЙН МӨСӨН ШОУ БААСАН ГАРАГТ СТЕППЕ АРЕНАД ЭХЭЛНЭ
  • А
    Админ

    1 сарын 23

  • ЯПОНЫ ШИЛДЭГ УРАН ГУЛГАГЧДЫН ОРОЛЦОХ ТАЛ НУТГИЙН МӨСӨН ШОУ БААСАН ГАРАГТ СТЕППЕ АРЕНАД ЭХЭЛНЭ

    Монголын тэшүүрийн холбооноос анх удаагаа уран гулгалтын үзүүлбэр, шоу тоглолтыг зохион байгуулах гэж байна. Тал Нутгийн мөсөн шоу нэртэй тоглолтыг спорт, урлаг хослуулан тоглох юм. Шоу тоглолтын гол онцлох зүйл нь Япон, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байна. Тодруулбал, 2023 оны 1 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд "Тал нутгийн мөсөн шоу"-г Монгол улсад анх удаа "Монголын Тэшүүрийн Холбоо" Японы уран гулгагч нар, Японы соёлын өв тээгч "Азума" урсгалын бүжигчид, Монголын уран гулгалт, шорт трек, гүйлтийн тэшүүрийн тамирчид болон урлагийн соёлын томоохон төлөөлтэй хамртан зохион байгуулахаар ажиллаж байна. Японы улсаас дөрвөн уран гулгагч Монголд ирнэ. Ростелеком Гранпри тэмцээн, Финляндын Трофи тэмцээний аварга, дөрвөн тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт 27 настай мэргэжлийн уран гулгагч Хонго Рика, Олон улсын тэшүүрийн холбооны гранпри цуврал тэмцээний 5-р байрын шагналт тамирчин Урамацү Чисато, Японы мэргэжлийн уран гулгалтын тамирчин Цунэхито Каракава, Хонда Хироки нар Монголд хүрэлцэн ирэх бөгөөд Монгол улсаас энэхүү шоу тоглолтонд Г.Марал-Эрдэнэ хэмээх Монголын мэргэжлийн уран гулгалтын тамирчин оролцох юм.

    Шоуны найруулагчаар "Фауст", "Гэм зэм" зэрэг жүжгээр Монголын театрын урлагт шинэ салхийг салхилуулсан УДЭТ-ын найруулагч Мягмарнарангийн Батболд, Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын  Ерөнхий зураач, МУУГЗ Г.Ганбаатар нар хамтран ажиллаж байна. Мөн урилгаар дуучин Д.Оюунтүлхүүр, Б.Батчулуун, ДБЭТ-ын дуучин Э.Уянга зэрэг уран бүтээлчид оролцох төдийгүй Японы үндэсний бүжигчид оролцоно. Шоуны гол зорилго нь Уран гулгалтын спортыг Монголын хүүхэд залууст таниулан сурталчлах, хүүхэд залууст спорт-урлагийн үзүүлбэрийн хүртээмжийг сайжруулах ашгийн бус үйл ажиллагаа юм.