MSports logo
“М ГАРЬД” БАГ НЭМЭЛТ ЦАГТ “УБ АМАЗОНС” БАГИЙГ БУУЛГАН АВЛАА
  • А
    Админ

    1 сарын 12

  • “М ГАРЬД” БАГ НЭМЭЛТ ЦАГТ “УБ АМАЗОНС” БАГИЙГ БУУЛГАН АВЛАА

    Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн тоглолтууд өрсөлдөөнтэй өрнөж байна. Эмэгтэйчүүдийн лигийн өрсөлдөөн ч тун үзүүштэй, өгөө аваатай үргэлжилж байна. Энэ улирлын хувьд эмэгтэй 6 баг оролцож байгаагаас өчигдрийг хүртэл “Улаанбаатар Амазонс” баг эхний тойргийг нэг ч хожигдолгүй дуусгасан амжилтаар цахиур хагалж байв. Мягмар гарагт эмэгтэй нэг тоглолт болсон нь “М Гарьд” болон “Улаанбаатар Амазонс” багуудын тоглолт байлаа. Хоёр багийн бүрэлдэхүүний хувьд ч ур чадвартай, уран гоёмсог тоглолттой тоглогчидтой хэн нь ч хожиж болох тоглолт үндсэн цагт буюу 4-р үе дуусахад 75:75-ийн харьцаатайгаар тэнцсэн.

    Тэнцээний гоолыг цаг дуусах мөчид “М Гарьд”-ын 2 дугаартай тоглогч Амараагийн Сарантуяа оруулж, багтаа эргэлтийн цэгийг авчирсан. Хэдийгээр нэг хожигдолгүй байсан УБ Амазонс багаас мягмар гарагийн тоглолтонд М.Цэрэнлхам, Д.Баянжаргал, Н.Нандинхүсэл, Б.Болор-Эрдэнэ, О.Хулан тэргүүтэй тоглогчид сайн тоглолтыг үзүүлсэн ч нэмэлт цагт Гарьдуудын довтолгоо ээлж, дараалан байндаа тусч, Гарьдуудын давамгайлалд тоглолт өндөрлөсөн. Энэ өдөр Гарьдуудаас А.Сарантуяа 21 оноогоор багаа тэргүүлж, Б.Цацрал 19 оноо, Ө.Индра 17 оноо, Б.Цасчимэг 12 оноо, Б.Өнөрзаяа 9 оноогоор багтаа тус хүргэсэн. Улмаар 81-86-ийн харьцаатайгаар “М Гарьд” баг ээлжит хожлоо байгуулж, “УБ Амазонс” улирлын анхны хожигдлоо амссан юм.

     

    Н.Бэлгүүн