MSports logo
О.СЭРГЭЛЭН БЭРТЛЭЭСЭЭ ЭРГЭН ИРСНЭЭР БАГТАА СЭРГЭЛТИЙГ АВЧИРЛАА
  • А
    Админ

    1 сарын 10

  • О.СЭРГЭЛЭН БЭРТЛЭЭСЭЭ ЭРГЭН ИРСНЭЭР БАГТАА СЭРГЭЛТИЙГ АВЧИРЛАА

    Шинэ өнгө төрх, шинэ ордон гээд шинэлэг бүхнээр сэргээгдэн, сэлбэгдсэн Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн 2022/23 оны улирлын эхний тойргийн сүүлийн тоглолтууд мягмар гарагт “UG Arena”-д явагдлаа. Энэ өдрийн эрэгтэйчүүдийн эхний тоглолт “Хасын Хүлэгүүд” болон “ШУТИС Шаркс” багуудын хооронд явагдсан. Хүлэгүүдийн хувьд ням гарагт болсон тоглолтонд хожигдоод байсан учраас ахлагч Б.Билгүүн болон бусад эрүүл мэндийн шалтгаантайгаар тоглолтыг өнжиж байгаа тамирчдын эзгүйд хожил байгуулах зорилготой талбайд гарсан. Багийн ахлагч Б.Билгүүн хувийн шалтгаанаар хилийн чанадад байгаа талаар багийн зүгээс мэдээлсэн. Харин энэ тоглолтонд Хүлэгүүдийн холбогч О.Сэргэлэн гэмтлээсээ эргэн ирсэн нь багтаа сэргэлтийг авчирсан гэж хэлж болно. Харин ШУТИС Шаркс багийн хувьд дийлэнх тамирчид залуу, өөрсдийн өнгө төрх, ур чадварыг лигт чамгүй харуулж байгаа билээ. Хоёр багийн тоглолтын эхний үе 18-18-ийн харьцаатай өндөрлөж, легионер тоглогчгүй Шаркс баг өөрсдийн нөөц боломжоор өнгөрсөн улирлын аваргуудын эсрэг тэнцүүхэн өрсөлдөөнийг үзүүлж эхлүүлсэн. Ж.Жамсрандорж, Ж.Оргилболд, П.Мөнх-Оргил, У.Чингүүн, А.Энхтүвшин, Б.Даш-Очир, Б.Хишигбаяр зэрэг хичээл зүтгэл, ур чадвартай тоглогчид Шаркс багийн эгнээнд байгаа.

     

    Шаркс багийн хувьд өнгөрөгч пүрэв гарагийн тоглолтонд “М Гарьд” багийг буулган авсан. Тэр эрчээрээ Шарксууд энэ өдрийн тоглолтонд ч эхний хагаст Хүлэгүүдийн эсрэг сайн тоглолтыг үзүүлсэн ч хоёрдугаар хагаст Хүлэгүүдийн довтолгоо, хамгаалалт сайжирч явсаар эцсийн үр дүнд 84-65-ийн харьцаагаар ялалт байгуулсан. Хүлэгүүдээс легионер тоглогч Виллиам Стенфорт 17 оноогоор багаа тэргүүлсэн бол Ц.Азбаяр 15 оноо, С.Өрнүүнбилэг 12 оноо, О.Сэргэлэн 10 оноо, С.Мөнхбаатар болон Вуден Жуниор, С.Эрдэнэдалай нар 8 оноогоор багтаа тус хүргэлээ. Улирлыг тааруу эхлүүлсэн аваргаа хамгаалагчид улирал үргэлжлэх тусам учраа олж, уран гоёмсог тоглолтыг хөгжөөн дэмжигчиддээ толилуулж байна.

    “Хасын Хүлэгүүд” клуб эхний тойргийн дараах байдлаар 5 хожил 4 хожигдолтойгоор лигийн хүснэгтийн дөрөвдүгээр байрт эрэмблэгдэж байгаа бол “ШУТИС Шаркс” 3 хожил, 7 хожигдолтойгоор хүснэгтийн есдүгээр байранд эрэмблэгдэж байна. Хүлэгүүд дараагийн тоглолтоо бямба /01/14/ 16 цагаас Алтан Дорнодын Дайчид багийн эсрэг хийх бол Шарксууд бямба гарагт 13:45 минутаас IHC Apes багийн эсрэг хийх хуваарьтай байна.

     

    Н.Бэлгүүн