MSports logo
АДАМ СИЛВЕР, КАЙРИ ӨРВИНГТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ ҮР ДҮНТЭЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
  • А
    Админ

    11 сарын 8

  • АДАМ СИЛВЕР, КАЙРИ ӨРВИНГТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ ҮР ДҮНТЭЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

    Хойд Америкийн сагсан бөмбөгийн холбооны(NBA) комиссар Адам Силвер өнгөрсөн долоо хоногт “Өрвинг цахим хуудаснаа бодлогогүй, буруу зүйл нийтэлсэн. Би түүнтэй уулзах болно” хэмээн, Брүүклин Нетс багийн хамгаалагч Кайри Өрвингийн “Антисиметик” үзэл санаа агуулсан мэдэгдлийнх нь талаар ярилцахаар, уулзалт товлоод байсан билээ. Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 9-нд энэхүү уулзалт болж, их сурвалжуудын хэлж байгаагаар талууд бие биетэйгээ ойлголцсон, цаашлаад Кайри Өрвинг болон Нетс багийн хоорондох асуудлууд удахгүй шийдэгдэх, үр дүнтэй уулзалт болсон гэв. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Брүүклин Нетс, Кайри Өрвингийг тус мэдэгдлээс нь болж таван тоглолтод тоглох эрхийг нь хасаж, уучлалт гуйхгүй бол энэ шийтгэл үргэлжлэх болно гэдгийг мэдэгдэж байсан юм. Энэхүү уулзалтын зарим зүйл нь нууц байх ёстой учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй хэмээн “Ассошиетед Прэссийн” сэтгүүлч уулзалтын дараа хэлсэн байна.

    Уулзалтын дараа Кайри Өрвинг цахим хуудаснаа нийтэлсэн “Антисиметик” үзэл санаа агуулсан нийтлэлээ устгаж “Инстаграм” хуудсаараа дамжуулан "Миний нийтлэлээс болж шаналсан бүхий л Еврей хүмүүсээс чин сэтгэлээсээ уучлалт гуйя" хэмээн  уучлалт хүсэн байна. Өмнө нь Кайри Өрвинг тоглолтын дараах хэвлэлийн хурлын үеэр “Бид 2022 онд амьдарч байна. Түүхийг хэнээс ч нууж болохгүй. Би өөрийн зөв гэж бодож байгаа зүйлээ хамгаалах болно. Бас би шашны тал дээр хагаралдуулдаг хүн биш” хэмээн өөрийн шийдвэрийг хамгаалсан мэдэгдлийг хийж нийтлэлээ устгахаас татгалзаж байсан. Кайри Өрвингийн нийтэлсэн “Hebrews to Negroes: Wake Up Black America” нэртэй тус кино нь “Израйлын хөвгүүдийн үнэн төрхийг илчилнэ” гэх тайлбартай “Амазон”, “IMDB” зэрэг сайтууд дээр байршсан байдаг билээ.

     

    Э.Мандалбаяр