MSports logo
ДӨРВӨН ЖИЛ ХҮЛЭЭЛГЭСЭН ОЛОН УЛСЫН САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН
  • А
    Админ

    11 сарын 7

  • ДӨРВӨН ЖИЛ ХҮЛЭЭЛГЭСЭН ОЛОН УЛСЫН САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН

    Дэлхийн сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Азийн цом 2025” тэмцээний урьдчилсан сонгон шалгаруулалтад Монгол улсын баг тамирчид оролцоход бэлэн боллоо. Монгол Улсын шигшээ баг тус тэмцээний “D” хэсэгт Малайз, Тахити, Тайланд, Вьетнам гэсэн гурван улстай багтаад байгаа юм. Монгол Улс эхний тоглолтоо энэ сарын 11-нд Малайз улсын эсрэг хийх бөгөөд, энэхүү тоглолт Улаанбаатар хотын, “UG” ордонд болох юм. Мөн энэхүү тэмцээнд оролцох бүрэлдэхүүн эцсийн байдлаар зарлагдсан байна. Монгол Улсын шигшээ багийн хамгаалагчийн байрлалд О.Сэргэлэн, М.Өлзий-Орших, А.Ананд, Т.Санчир, довтлогчийн байрлалд Б.Болдбаатар, Э.Дөлгөөн, А.Энхбаясгалан, Б.Билгүүн, А.Тэмүүжин, С.Өрнүүнбилэг, Э.Цэрэнбаатар, О.Энхбаатар нар нэрлэгджээ.

    Монгол улсын шигшээ баг хэсгийнхээ дөрвөн тоглолтыг бүгдийг нь талбайдаа буюу Улаанбаатар хотын “UG” ордонд хийх бөгөөд, 11 дүгээр сарын 10-наас 14-н хүртэл "Азийн цомын" шалгаруулалтын, хэсгийн шатны нийт 10-н тоглолт “UG” ордонд болох хуваарьтай байна. “Азийн цомын” урьдчилсан шалгаруулалт нь хоёр шаттай бөгөөд хэсэгтээ хамгийн их хожил авсан багууд хоёрдугаар шатанд шалгарч, улмаар хоёрдугаар шатнаас шалгарсан дөрвөн баг “Азийн цом 2025” тэмцээнд оролцох эрхээ авна. Урьдчилсан шалгаруулалтын, хоёрдугаар шатны тоглолтууд ирэх оны 2 дугаар сараас эхэлнэ. Одоогийн байдлаар “Азийн цом 2022” тэмцээний хасагдах шатны шилдэг найман баг 2025 оны “Азийн цомд” оролцох эрхээ аваад байгаа билээ. Монголын сагсан бөмбөгийн холбоо дотоод асуудлаас болж Дэлхийн сагсан бөмбөгийн тэмцээнүүдэд оролцох эрхээ түр хугацаанд хасуулаад байсан. Монголын сагсан бөмбөгийн холбоо дөрвөн жилийн дараа анх удаа Дэлхийн сагсан бөмбөгийн холбооноос зохиож буй тэмцээнд оролцох гэж байгаа нь энэ юм.

     

    Э.Мандалбаяр