MSports logo
ЖҮДО БӨХИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 1-Р САРЫН 14-16-НЫ ӨДРҮҮДЭД БӨХИЙН ӨРГӨӨНД БОЛНО
  • А
    Админ

    1 сарын 25

  • ЖҮДО БӨХИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 1-Р САРЫН 14-16-НЫ ӨДРҮҮДЭД БӨХИЙН ӨРГӨӨНД БОЛНО

    2023 он бол олимпын өмнөх жил гэдгээрээ онцлогтой бөгөөд жүдо бөхийн тамирчдын хувьд энэ жилийн эхний тэмцээн улсын аварга шалгаруулах тэмцээнээр эхлэх болно. 2023 оны жүдогийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 14-16-ний өдрүүдэд Бөхийн Өргөөнд зохиогдох хуваарьтай байна. Улсын аварга шалгаруулах тэмцээний дараа их дуулга, гранпри тэмцээнүүд манай цагаан өмсгөлтнүүдийг хүлээж байна. Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчдын энэ жилийн эхний олон улсын тэмцээнд 1-р сарын 27-29-нд Португалийн Алмада хотноо болон Португалийн гранпри тэмцээн хүлээж байна. Тэмцээнд 36 улсын тамирчид оролцох төлөвтэй байна. Түүний дараа Парисын их дуулга тэмцээн 2-р сарын 4,5-ны өдрүүдэд болно. Манай тамирчид энэ онд зохиогдох их дуулга, гранпри тэмцээнүүдэд оноо цуглуулж явсаар, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм. 

     
    Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн жил Узбекистаны нийслэл Ташкент хотноо 10-р сард зохиогдсон бол энэ жилийн жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 5-р сард Катарын нийслэл Доха хотноо зохиогдоно. Доха-2023 жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хорооны спортын хорооны дарга Эйд Аль Мурайхи тэмцээний талаар сэтгэгдлээ хэлэхдээ “ОУЖБХ-ноос жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тугийг хүлээн авсан нь бидний хувьд туйлын нэр төрийн хэрэг юм.  Удахгүй болох жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах нь Катар улс манай бүс нутагт жүдо бөхийг хөгжүүлэхийн төлөө зүтгэж байгаагийнх хувьд бас нэг хөшүүрэг юм” гэж хэлсэн юм.

    Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч ноён Мариус Визер “Жүдо бөх дэлхийн өнцөг булан бүрт Узбекистанаас Катар хүртэл аялж, үнэт зүйлээ түгээж байна. Парис-2024 олимпийн наадамд ойртож байгаа энэ үед Жүдогийн гэр бүл Дохад нэгдэх нь сэтгэл догдлуулж байна" гэжээ. Өнгөрсөн жилийн хувьд Монголын жүдогийн тамирчид олон улсаас нийт 45 медалийг хүртсэн. Энэ жил манай тамирчид амжилтаа бататгаж, олимпын өмнөх жил олон, олон түүхэн ялалтуудыг байгуулах нь дамжиггүй. 

    Н.Бэлгүүн