Хурд, хүч, тэсвэр тэвчээр, эр зоригийн илэрхийлэл болдог “Дакар Ралли-2025” тэмцээнд монгол улсаа төлөөлөн мотоциклын төрөлд мото спортын тамирчин П.Мөрөн өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаж байна. 1977 оноос эхтэй, хамгийн олон өдөр уралддаг авто мото спортын олимп гэгддэг Дакар Ралли уралдаан Саудын Арабын Биша хотод 2025 оны нэгдүгээр сарын 3-17-нд болох ба П.Мөрөн 7500 км зайд уралдана.
Ирэх оны Дакар Ралли-д Монгол улсаа төлөөлж П.Мөрөн хурд хүчээ сорино
12 сарын 16
Өдгөө 27 настай П.Мөрөн нь удам дамжсан тамирчин бөгөөд түүний аав А.Пүрэвдорж нь мото спортын олон улсын хэмжээний мастер цолтой. “Дакар ралли-2025” уралдаанд өрсөлдөх П.Мөрөнгийн тухайд эх орондоо 73 уралдаан, олон улсын 10 уралдаанд оролцохдоо 45 алт, 19 мөнгө, долоон хүрэл медаль хүртжээ. “Дакар ралли”-д уралдах Монголын 13 дахь тамирчин, мотоциклоор уралдах долоо дахь монгол тамирчин болж байна. Тэрбээр зургаан настайдаа мотоциклын дөрөөнд анх хөл тавьж, 13 настайгаасаа өнөөг хүртэл энэ спортоор хичээллэж байна. Монгол улсын долоон удаагийн аварга тэрбээр энэ онд Торгоны замын бартаат уралдаанд хоёрдугаар байр, Абу Дабид болсон цуврал тэмцээнд долоодугаар байр эзэлж ирэх оны Дакарт уралдах эрхээ авсан байна.
Дакар Раллид Монгол улсаас анхлан гавьяат тамирчин Д.Болдбаатар (нийт 3 удаа), ОУХМ Н.Лхамаа (нийт 5 удаа)нар уралдсан нь 2013 он. Тэд “Дакар ралли”-д хамгийн олон уралдсан монгол тамирчид юм. Түүнээс хойш 2014 онд Д.Болдбаатар, Н.Лхамаа, Х.Батболд, 2015 онд Н.Лхамаа, Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт, Б.Сүрэндорж, Д.Болдбаатар, Ч.Анар, Д.Жаргалсайхан, 2019 онд Н.Лхамаа, Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт, 2022 онд Н.Лхамаа, Б.Баттөр, Г.Аранзал, Г.Тэмүүжин, 2024 онд Ч.Ганзориг нар уралдаж байв.
Монголын тамирчдаас хамгийн өндөр амжилтыг 2019 онд Перу улсад болсон 41 дэх удаагийн “Дакар Ралли”-гийн 5000 км-ийн зайд Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт (төрсөн ах дүү) нар UTV оpen ангилалд хүрэл медаль, мотоциклын төрөлд гавьяат тамирчин Д.Болдбаатар 45 дугаар байрт хурдалжээ.
Дакар уралдаан нь зөвхөн хурдны уралдаан биш, харин тамирчдын тэвчээр, ур чадварыг сорьдог, мөн байгалийн хүнд нөхцөлд тэсвэрлэх чадамжийг шалгадаг онцгой уралдаан юм.