MSports logo
Хөлбөмбөгийн Эмэгтэйчүүдийн ДАШТ эхэллээ
  • А
    Админ

    7 сарын 20

  • Хөлбөмбөгийн Эмэгтэйчүүдийн ДАШТ эхэллээ

     Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос зохион явуулдаг Эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээн долоодугаар сарын 20-ны өдөр Шинэ Зеланд улсын “Эдэн Парк” цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийлээ. Энэ сарын 20-ны өдрөөс наймдугаар сарын 20 хүртэл үргэлжлэх уг тэмцээнд өмнө нь 24 улс оролцсон бол энэ удаа 32 орны баг тамирчид оролцож Эрэгтэйчүүдийн ДАШТ-ны форматыг дагаж мөрдөхөөр болсон байна.  

        Урьд өмнөх жилүүдээс ялгаатай нь хоёр өөр улсад зэрэг явагдаж байгаа ба Австрали болон Шинэ Зеланд улсын цэнгэлдэх хүрээлэнгүүдэд тоглолтууд ээлжлэн явагдана. Нээлтийн ёслол Шинэ Зеландын Аукланд хотод болсон бол хаалтын тоглолтыг Австрали улсын “Сидней Олимпын ордон”-д хийхээр тохиролцжээ. Тус хоёр улсын нийт 10 цэнгэлдэх хүрээлэнд бүтэн сарын турш үргэлжилж энэ жилийн Дэлхийн аваргаа тодруулна.

     АНУ-ын баг өмнөх хоёр удаагийн ДАШТ-ний аваргаа дахин бататгахаар ирсэн бол Герман, Швед, Англи улсын багууд хүчтэй өрсөлдөгчдийн тоонд зүй ёсоор орж ирж байна. Мэдээж зохион байгуулж буй хоёр улсыг мартаж болохгүй. 1991 онд БНХАУ-д анх удаа зохиогдсон Эмэгтэйчүүдийн ДАШТ-ний шагналын сан өмнө нь 80 сая америк доллар байсан бол энэ удаа110 сая доллар болон өсжээ.