Олон улсын хөлбөмбөгийн шигшээ багуудын цугларалт болж, ихэнх улсын шигшээ багууд ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд хийж, мөн нөхөрсөг тоглолтууд болж байгаа билээ. Ази тивийн хүчирхэг багуудын нэг Японы шигшээ баг нийслэл Токио хотноо байрлах 48,013 хүний суудалтай “Ajinomoto Stadium” цэнгэлдэх хүрээлэндээ дэлхийн таван удаагийн аварга, Өмнөд Америк тивийн хүчирхэг Бразилын шигшээ багийг хүлээн авч тоглолоо.
Японы шигшээ баг түүхэндээ анх удаагаа Бразилыг хожлоо
10 сарын 15


Тоглолтын эхний хагасын 26 дахь минутад талбайн зочид маш гоёмсог уран дамжуулалтуудаар Японы шигшээ багийн хамгаалалтыг сэтэлж, Bruno Guimarães-ийн дамжуулалтаар баруун жигүүрийн хамгаалагч Paulo Henrique гоол оруулж, талбайн зочид 0:1 харьцаатай тэргүүлж эхлэв. Түүний гоолоос ердөө 6 минутын дараа буюу тоглолтын 32 дахь минутад Lucas Paquetá-ийн дамжуулалтаар Gabriel Martinelli гоол оруулж, эхний хагаст талбайн зочин Бразилын шигшээ баг 0:2 харьцаатайгаар илүүрхэв. Тоглолтын хоёрдугаар хагас эхлээд талбайн эзэд олон аюултай довтолгоог хийж эхэлсэн бөгөөд Бразилын шигшээ багийн төвийн хамгаалагч Fabrício Bruno-ийн маш том алдааг Японы шигшээ багийн ахлагч Takumi Minamino амжилттай ашиглаж, тооны харьцааг 1:2 болгов. Улмаар тоглолтын 62 дахь минутад сэлгээгээр талбайд орж ирсэн Junya Ito-ийн дамжуулалтаар Keito Nakamura гоол оруулж, тоог 2:2 болгов. Тоглолтын 71 дэх минутад талбайн эзэд булангийн цохилтоос Junya Ito-ийн дамжуулалтаар Ayase Ueda гоол оруулж, Японы шигшээ баг 3:2 харьцаатай хожил байгуулж, Бразилын шигшээ багийн эсрэг албан ёсны 14 дэх тоглолтоо хийж, анх удаагаа хожил байгуулж чадлаа.