MSports logo
Натур Мед Толун, Хөвсгөл Эрчим багууд аваргын цом өргөхөд нэг хожил үлдлээ
  • Ө
    Өсөхбаяр

    1 сарын 18

  • Натур Мед Толун, Хөвсгөл Эрчим багууд аваргын цом өргөхөд нэг хожил үлдлээ

    2023-2024 оны Волейболын Үндэсний дээд лигийн шигшээ цуврал үргэжилж багууд эхний хоёр тоглолтоо хийгээд байна. Эрэгтэйчүүдийн шигшээ тоглолтод Натур Мед Толун, Өмнөговь Шанх Транс багууд учраа таарсан бөгөөд цувралын эхний тоглолтод Натур Мед Толун гурван үе илүүрхэж 25:21 |25:22 | 27:25 харьцаатайгаар буулган авсан. Тэгвэл өчигдөр болсон хоёр дахь тоглолт өмнөх тоглолтоос тэс өөр уур амьсгалтай болов. Эхний үеийг Натур Мед 25:22-оор ялалт байгуулсан ч хоёр дахь сетэнд Өмнөговь бууж өгөхийг хүссэнгүй тэдний довтолгоо, хаалтууд улам чангарч 16:25-аар хожил байгуулан 1:1 болгон тэнцүүлэв. Гурав дахь сетэнд Натур Мед Толун баг илүү байж 25:19-ээр хожиж, дөрөв дэх сетэд Өмнөговь Шанх Трансаас хариу цохилт ээлж дараалан ирснээр 22:25-аар ялалт байгуулан нэмэлт тавдугаар үед ялагчид тодрохоор боллоо. Хоёр багийн ээлж дараалсан оноо авалтууд, ээлж дараалсан хамгаалалтууд ордны уур амьсгалыг дээд цэгт нь тулгаж байв. Тэр дундаа Натур Мед Толун клубын Т.Хангал, Өмнговь Шанх Транс багийн Б.Батсуурь нарын хүчтэй довтолгоо, байрлал алдуулам давуулалтууд, бие биедээ хийсэн хаалтууд тоглолтыг улам бүр сонирхолтой болгож байв. 

    Натур Мед Толун, Хөвсгөл Эрчим багууд аваргын цом өргөхөд нэг хожил үлдлээ

    Тав дахь сетэнд эхний 8 оноог Өмнөговь Шанх Трансчууд авсан нь тэд цувралыг тэнцүүлэх боломжийг улам нэмэгдүүллээ. Оноо 12-10-аар Шанх Трансчууд тэргүүлэх үед Т.Хангалын довтолгоон дээр хийсэн чэлленж амжилттай болж, дахин Т.Хангал хүчтэй довтолгоогоор оноо авснаар уур амьсгал тэр чигтээ Натур Медийн талд эргэлээ. Улмаар энэ эрчээ алдалгүй явсаар 15:12 харьцаатай Натур Мед Клуб шигшээ тоглолтын хоёр дахь ялалтаа байгууллаа. Тус тоглолтын шилдгээр Тамираагийн Хангал тодорсон ба 32 оноо, 4 хаалт, 2 давуулалтаар оноо авсан байна. 

    Эмэгтэйчүүдийн шигшээ тоглолтод лигийн аваргын цомыг хамгаалан тоглож буй Хөвсгөл Эрчим баг 2021 оны аварга Хилчин клубтэй учраа таарсан ба эхний тоглолтод 3:0 харьцаатай илт давуу ялалт байгуулсан юм. Цувралын хоёр дахь тоглолт мөн адил Хөвсгөл Эрчим багийн давамгайлал дунд өрнөв. Тэдний эхний сетэд 25:12-оор илүүрхсэн бол хоёр дахь илүү өрсөлдөөнтэй болсон ч 25:22-оор ялалт байгуулав. Гурав дахь сетэнд илүү сэтгэлзүй, илүү чадвартай баг нь мөн адил Хөвсгөл Эрчмийнхэн байж 25:19-ээр ялалт байгуулан, цувралыг 2:0 ээр тэргүүлж эхэллээ. Тэдний хувьд лигийн тэмцээн 2019 оноос эргэн сэргэснээс хойш шигшээ цувралд 2 тоглолт дараалан 3:0 харьцаатай хожсон анхны баг боллоо. Финалын ширүүн өрсөлдөөнд ийм амжилт үзүүлнэ гэдэг тэдний хэр чанартай байгааг харуулж байна. Тоглолтын шилдгээр легионер тоглогч Хечаварриа Кореосо Арлин 16 оноо, 1 хаалт, 15 хүчтэй довтолгоо гүйцэтгэн тодорчээ. 

    Дээд лигийн гурав дахь тоглолт энэ сарын 21-нд буюу ирэх бүтэнсайн өдөр үргэлжлэн явагдана. 

    Натур Мед Толун, Хөвсгөл Эрчим багууд аваргын цом өргөхөд нэг хожил үлдлээ