MSports logo
Брэдли Бийл шагайны бэртлийн улмаас багадаа хоёр долоо хоног тоглохгүй
  • Ө
    Өсөхбаяр

    12 сарын 19

  • Брэдли Бийл шагайны бэртлийн улмаас багадаа хоёр долоо хоног тоглохгүй

    Финикс Санс багийн их гурвалын нэг Брэдли Бийл өчигдөр Нью Йорк Никстэй хийсэн тоглолтын эхний үед шидэлт гүйцэтгэн буух үедээ Донте Дивичензогийн хөлөн дээр баруун хөлөөрөө газардаж шагайндаа гэмтэл авав. Түүний талбайг цохиж, царай нь нэлээдгүй хүнд харагдаж байгаагаас харахад их өвдөж буйг нь илтгэж байлаа. Багийн эмнэлгийн ажилтнууд түүнд хяналт тавьж, торгуулийн шидэлтээ гүйцэтгэсний дараа хувцас солих өрөө рүү явсан ч эргэж талбайд гарсангүй тоглолтыг өнжлөө. Донте Дивичзензод нэгдүгээр зэргийн спортын бус алдааны торгууль ноогдуулсан ч илүү хохиролтой баг нь Финикс Санс болж тэд 139-122 харьцаатайгаар ялагдсан юм. 

    Финикс Санс багийн арын албанаас өнөөдөр түүнийг багадаа хоёр долоо хоног өнжих шаардлагатай хэмээн мэдэгдлээ. Мөн нэгдүгээр сарын эхний долоо хоногт дахин шинжилгээнд хамруулж баталгаажуулна гэв. Хэрвээ Бийл хоёр долоо хоногтоо эдгэж чадвал нэгдүгээр сарын эхний долоо хоногт Финикс Санс талбай дээрээ хийх дөрвөн тоглолтын аль нэгт нь эргэн ирэх боломжтой болох юм. Хамгийн ихдээ тэрбээр зургаан тоглолтын дараа оролцох боломжтой. Одоогоор Финикс баг 14-12 амжилттайгаар бүсийнхээ 10-р байрт жагсаж байна.