MSports logo
ДЭЛХИЙН ЧАНСААГ ТЭРГҮҮЛЭГЧ ИГА СВИАТЕК “SAN DIEGO OPEN” ТЭМЦЭЭНД АВАРГАЛЛАА
  • А
    Админ

    10 сарын 19

  • ДЭЛХИЙН ЧАНСААГ ТЭРГҮҮЛЭГЧ ИГА СВИАТЕК “SAN DIEGO OPEN” ТЭМЦЭЭНД АВАРГАЛЛАА

    Эмэгтэйчүүдийн мэргэжлийн талбайн теннисийн холбооноос зохион байгуулсан 760 мянган долларын шагналын сантай “San Diego Open” тэмцээн АНУ-ын “Сан Диего” хотод, энэ сарын 10-16 хооронд зохион байгуулагдаж, ганцаарчилсан болон хосын төрлүүдэд аваргуудаа шалгарууллаа. Тэмцээний ганцаарчилсан төрөлд 32 тамирчин оролцож Дэлхийн чансааны номер нэг Ига Свиатек аваргаар шалгарч, чансааны 500 оноог, 116 мянган долларын хамтаар өвөртөллөө. Ига Свиатек хагас шигшээ тоглолтод АНУ тамирчин, Дэлхийн чансааны тавдугаарт эрэмбэлэгдэж байгаа Жессика Пегулатай өрсөлдөж, эхний сетийг 6:4-өөр ялагдаж эхлүүлсэн ч дараалсан хоёр сетийг авч чадсанаар финалын тоглолтод шалгарсан юм. Харин финалын тоглолтод Дэлхийн чансааны номер 47, Хорват улсын тамирчин Донна Векичтэй учраа таарсан билээ. Хоёр тамирчин өмнө нь хоёр удаа таарч тоглоход хоёуланд нь Ига Свиатек хожиж байсан юм. Энэ удаагийн учраанд ч Ига Свиатек 2:1 харьцаатай хожиж, ганцаарчилсан төрлөөр энэ оны найм дахь түрүүгээ авч байгаа нь энэ билээ.

     
    Ганцаарчилсан төрлийн аварга Ига Свиакек 2016 онд мэргэжлийн замналаа эхлүүлж, энэ оны дөрөвдүгээр сараас Дэлхийн чансааг тэргүүлж эхэлсэн юм. Өдгөө 21 настай Польшийн теннисний залуу од, энэ оны “Australian Open” их дуулга тэмцээний хагас шигшээд шалгарч, “Roland Garros 2022”, “US Open 2022” их дуулга тэмцээнүүдэд түрүүлсэн билээ.  “San Diego Open” тэмцээний хосын төрөлд АНУ-ын хослол Жессика Пегула, Коко Гауфф нар эхний гурван тойрогт өрсөлдөгчдөө бүгдийг нь 2:0 харьцаатай хожиж финалын тоглолтод шалгарсан бөгөөд финалын тоглолтод Мексикийн Жулиана Олмос, Канадын Габриэла Дабровский нартай гурван сет тоглосны эцэст ялалт байгуулж аварга цолыг, 39 мянган долларын хамт хүртсэн байна. 

     

    Э.Мандалбаяр