Ази тивийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн Саудын-Арабын Жедда хотод болж байгаа билээ. Тэмцээний хоёр болон гуравдугаар байраар шалгарсан багууд Плей-оффын тоглолт хийж хожсон баг нь шөвгийн 8-д шалгарна.
FIBA Asia Cup 2025: Азийн аваргын шилдэг 8 улсын шигшээ багууд тодорлоо
8 сарын 13

Тэмцээний А хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан БНСУ-ын шигшээ баг B хэсгийн гуравдугаар байраар шалгарсан Гуамын шигшээ багуудын хооронд тоглолт болж өнгөрлөө. Тоглолтын эхний үед Гуамын шигшээ баг 18:17 харьцаатай хожиж чадсан ч үлдсэн гурван үед БНСУ-ын шигшээ баг илүүрхэж үндсэн цагт 99:66 харьцаатай илт давуу хожлыг байгуулж чадлаа.

Тус тоглолтод БНСУ-ын шигшээ багаас талбайд гарсан бүх тоглогчид оноо авсан бөгөөд Moon Jeonghyeon 18 оноо 8 самбар 4 удаа бөмбөг тасалж багаа тэргүүлсэн байна. Тэдний хувьд шөвгийн наймд Азийн аваргад хамгийн олон удаа буюу 16 удаа түрүүлсэн хүчирхэг БНХАУ-ын шигшээ багтай тоглохоор боллоо.

Тэмцээний B хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан Азийн чансааны №2 Японы шигшээ баг А хэсгийн гуравдугаар байраар шалгарсан өнгөрсөн Азийн аварга шалгаруулах тэмцээний дэд аварга Ливаны шигшээ багуудын хооронд тоглолт болж өнгөрлөө. Тоглолтын эхнээс Ливаны шигшээ баг довтолгоо хамгаалалт жигд сайн тоглолтыг үзүүлж байсан бөгөөд эхний хагаст 53:41 харьцаатай илүүрхэв. Хоёрдугаар хагаст ч мөн адил Ливаны шигшээ баг илүүрхэж үндсэн цагт 97:73 харьцаатай хүчирхэг Японы шигшээ багийг буулган авч шөвгийн наймд шалгарч чадлаа.

Тус тоглолтод Ливаны шигшээ багийн лидер Dedric Lawson довтолгоо дээр маш сайн байж 71,4%-тай довтолсон бөгөөд 24 оноо 10 самбар авч дабл-дабл гүйцэтгэн багаа тэргүүллээ. Тэдний хувьд шөвгийн наймд хүчирхэг Шинэ-Зеландын шигшээ багтай багтай тоглохоор боллоо.
