MSports logo
Э.АРИУНБОЛД ДАШТ-Д АНХ УДАА ЗОДОГЛОЖ, МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • А
    Админ

    10 сарын 6

  • Э.АРИУНБОЛД ДАШТ-Д АНХ УДАА ЗОДОГЛОЖ, МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

    Узбекистан улсын Ташкент хотноо дэлхийн 82 орны 571 жүдочид цуглаад байна. Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдрийн барилдаанууд өчигдөр явагдаж, эхний өдөр манай улсаас Энхтайваны Ариунболд мөнгөн медалийг эх орны нэр дээр бүртгүүллээ. Пүрэв гарагт манай дөрвөн жүдоч татамид гарснаас, эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд Э.Ариунболд медалийн тавцанд гарлаа. Тэрбээр финалын барилдаанд олимп, дэлхийн аварга Японы хүчирхэг бөх Такато Наохисатай барилдаж, иппон үнэлгээгээр ялагдал хүлээсэн.

    Э.Ариунболд нь энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эхний тойрогт гоц мөргөж , хоёрдугаар тойрогтоо Чехийн Давид Пулкрабекийг ялж, дараагийн тойрогт Нидерландын Торнике Тсжакадоеаг ялж, хэсгийн аваргын төлөө Италийн бөх Анжело Пантаног буулган авч, хагас шигшээд шалгарсан. Ариунболд хагас шигшээд тэмцээнийг зохион байгуулж буй эзэн орон Узбекистаны Дилшодбек Баратовыг ялж, алтан медалийн төлөө зодоглох эрхтэй болсон. Токиогийн олимын алтан медальт, 29 настай Такато дэлхийн аварга цолыг Монголын жүдоч  Энхтайваны Ариунболдыг иппон үнэлгээгээр ялснаар хүртсэн. Энэ нь түүний дэлхийн аваргын дөрөв дэх алтан медаль байлаа. Такато хэлэхдээ "Би сурсан бүхнээ өөртөө шингээсэн гэж бодож байна. Нас ахих тусам тамирчны ур чадварын хувьд цаашид хөгжих шаардлагагүй. Одоо бол би толгойгоо ажиллуулж, нөхцөл байдлын дагуу барилдаж чадах уу гэдэг л асуудал байна” хэмээн ярьжээ. Э.Ариунболд нь энэ онд нийт 6 тэмцээнд оролцохдоо гурван удаа хүрэл медалиас мултарч, хоёр удаа шагналт 7-р байр эзлээд байсан бол ийнхүү дэлхийн дэвжээ, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртэж байна.

     
    Барилдааны дараа Э.Ариунболд “Тамирчин хүний мөрөөдөл дэлхийн аварга, олимп байдаг. Мөрөөдлийнхөө захаас нь хүрстэндээ баяртай байна. Манай багийнхан энэ бол эхлэл, үлдсэн өдрүүдэд аварга төрнө байх гэж бодож байна. Багийнхандаа амжилт хүсье. Цаашид Парисын олимпыг зорьж байгаа. Би энэ спортоор хичээллээд 13 жил болж байна. Анх удаа дэлхийн аваргад зодоглож, финалдлаа. Барилдааны өмнө дасгалжуулагч нартайгаа тактик боловсруулсан боловч боловсруулсан тактикаа хэрэгжүүлж чадсангүй” гэсэн юм.

    Ташкент хотноо пүрэв гаригт болсон жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн өдөр Японы баг хоёр алтан медалийг авч, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Нацуми Цүнода, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Наохиса Такато түрүүллээ. Гурван жилийн өмнө 52 кг-аас жин хассан 30 настай Цүнода "Humo Ice Dome" цэнгэлдэх хүрээлэнгийн финалд Германы Катарина Менцийг ялж, иппоноор тав дараалан ялалт байгуулав. Эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Б.Баасанхүү гуравдугаар тойрогт Сербийн Милица Николичид ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн бол энэ жинд Г.Наранцэцэг хоёрдугаар тойрогт АНУ-ын Мариа Селиа Лабордед ялагдаж, дэлхийн аваргыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон. Эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Сумъяабазар гуравдугаар тойргоос тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Ийнхүү дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монголоос Энхтайваны Ариунболд ганцаараа медаль хүртсэн бол өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр 66 кг-д Ё.Басхүү, Г.Хэрлэн, эмэгтэйчүүдийн -52 кг-д Б.Хорлоодой нар барилдаж байна. Энэ удаагийн ДАШТ-д Монгол улсаас газар дээр нь Ч.Ганбат, Д.Нямбилэг тэргүүтэй гэрэл зурагчид ажиллаж байна.

    Н.Бэлгүүн