MSports logo
ФУТЗАЛЫН АЗИЙН ЦОМЫН ТЭМЦЭЭНИЙ ХАГАС ШИГШЭЭ ТОГЛОЛТУУД ӨНӨӨДӨР ОРОЙ БОЛНО
  • А
    Админ

    10 сарын 5

  • ФУТЗАЛЫН АЗИЙН ЦОМЫН ТЭМЦЭЭНИЙ ХАГАС ШИГШЭЭ ТОГЛОЛТУУД ӨНӨӨДӨР ОРОЙ БОЛНО

    Кувейт улсын Сабах Аль Салем хотод зохиогдож байгаа “Азийн Футзалын цом” тэмцээний шөвгийн дөрвөн баг шалгарлаа. Азийн шилдэг 16 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөн энэхүү тэмцээний хагас шигшээд Тайланд, Узбекстан, Япон, Аваргаа хамгаалагчид болох Иран улсуудын багууд аваргын төлөө өрсөлдөхөөр үлдээд байна.Тайланд улсын баг Кувейт, Ирак, Оман улсуудтай тэмцээний “А” хэсэгт багтсан бөгөөд хоёр хожиж, нэг тэнцэн хэсгээ тэргүүлж, хасагдах шатны эхний тойрогт Тажикстаны багийг 3:2-оор буулган авч хагас шигшээд билээ. “В” хэсгийг тэргүүлсэн Узбекстаны баг нэг ч хожигдож, тэнцэлгүй хэсгийн тоглолтуудаа дуусгасан ба хасагдах шатны эхний тойрогт 3:0 харьцаатай зохион байгуулагч Кувейтийн багийг тэмцээнээс хассан юм. Аваргаа хамгаалагч Ираны баг хэсгийн тоглолтууддаа 24 гоолыг өрсөлдөгчийнхөө хаалганд шигтгэж, ердөө ганц гоол хаалгандаа алдсан гэх супер үзүүлэлттэй “С” хэсгийг тэргүүлж, хасагдах шатны эхний тойрогт Вьетнамын багийг 8:1-ээр төвөггүй буулгаж авсан байна. Харин “D” хэсгийн гурван баг 2 хожил, 1 хожигдолтой тэнцэж гоолын зөрүүгээр Япон улсын баг нэгээр хасагдах шатанд шалгарсан бөгөөд эхний тойрогт 3:2-оор Индонезийг хожиж хагас шигшээд шалгарчээ.      

    “Азийн футзалын цом тэмцээн 2022” тэмцээний хагас шигшээ тоглолтууд өнөөдөр буюу 10 дугаар сарын 6-нд Сабах Аль Салем хотын “Саад аль Абдуллах” ордонд 20:00 минутаас Узбекстан болон Японы багуудын тоглолтоор эхэлнэ. Тус тэмцээнд аваргаа хамгаалах зорилготой оролцож байгаа Иран улсын баг хагас шигшээд Тайландын багтай учраа таарсан бөгөөд энэхүү тоглолт аравдугаар сарын 7-нд шөнийн 01:00 минутаас эхлэх хуваарьтай байна. Энэхүү тэмцээн нь 1999 оноос хойш 16 дахь удаагаа зохиогдож байгаа бөгөөд Японы баг 3 удаа, Ираны баг 12 удаа аварга цолыг хүртсэн байдаг.  

     

    Э.Мандалбаяр