Монголын сагсан бөмбөгийн түүхэнд бас нэгэн шинэ хуудас нээхэд гар бие оролцож буй Сэлэнгэ Бодонс баг Демаркус Казинсыг багтаа нэгтгэх нь тодорхой болсон. Тэд НБА-ын супер одыг хүлээх зуураа лигт чамлахааргүй амжилттай буюу 11-6 амжилттай хүснэгтийн 2-р байранд бичигдэж байгаа. Өнөөдөр тэдний өрсөлдөгчөөр хүснэгтийн байрлалаа ахиулахыг хүсэж буй Даймонд Стөүн тэргүүтэй Завхан Бродерс баг хүч үзнэ. Яг одоогийн хүснэгтийн байрлалаар Плэй-оффт багууд шалгарана гэж төсөөлбөл хасагдах шатны эхий өрсөлдөөнд Даймонд Стөүн, Демаркус Казинс гэсэн нэгэн цагт Тайваны лигт өрсөлдөж явсан том залуусын өрсөлдөөнийг үзэх боломжтой.
Улирлын эхний тойрогт 72-67 харьцаатай Сэлэнгэ Бодонс баг буулгаж авсан ба А.Гилберт 18 оноо, 14 самбар, 4 дамжуулалт, Э.Цэрэнбаатар 18 оноо, 7 самбар, 4 дамжуулалтаар багаа тэргүүлжээ. Харин Завханаас Д.Стөүн 24 оноо, 14 самбар, 5 дамжуулалт, М.Баасандорж 11 оноо, 2 самбар, 2 дамжуулалт өгсөн ч баг нь дөрөвдүгээр үед багаараа ердөө 12 оноо авсан нь хожигдлын шалтгаан болжээ. М.Мүүрийг нэгтгэсэн тэд өнөөдөр өөр төлөвлөгөөтэй гарч ирэх нь дамжиггүй биз ээ.