MSports logo
Волейбол: Францын шигшээ нутагтаа аваргаа хамгаалах бол Польшчууд 48 жилийн дараа финалд шалгарлаа
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 8

  • Волейбол: Францын шигшээ нутагтаа аваргаа хамгаалах бол Польшчууд 48 жилийн дараа финалд шалгарлаа

    33 дахь олимпын наадам Францын нийслэл Парис хотноо 13 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Монголын цагаар өнөө шөнө волейболын спортын эрэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолт явагдаж дууслаа. Хагас шигшээд олимпын гурван алтан медальт АНУ болон 1976 оноос хойш аваргалж үзээгүй Польшийн шигшээ багууд учраа таарав. Тоглолтын эхний сетийг Польшчууд авсан бол хоёр болон гурав дахь сетийг АНУ дараалан тэргүүлэв. Дөрөв дэх сетэд АНУ-ын шигшээ 5 онооны тэргүүлэлтэй явсан ч Польш гайхалтай эргэн ирэлт хийж 25-23 харьцаатай 2-2 болгон тэнцүүлж нэмэлт тоглолт руу сунгав. Хэмнэлээ аль хэдийн олж авсан Польшчууд 5 дахь сетэнд илүү явсаар 15-13 харьцаатай АНУ-ыг буулган авч Парисын олимпын алтан медалийн төлөө эрхтэй болсон юм. 

    Волейбол: Францын шигшээ нутагтаа аваргаа хамгаалах бол Польшчууд 48 жилийн дараа финалд шалгарлаа

    Тус тоглолтын араас наадмын эзэн орон болох Францын шигшээ Токиогийн олимпын алтан медалиа ихэрлүүлэхээр орж ирсэн бол Олимпын гурван удаагийн мөнгө, гурван удаагийн хүрэл медальт Италийн шигшээ тэдэнтэй туллаа. Тус тоглолтод хожих магадлал өндөртэй гэгдэж байсан Италичууд эхний сетээс олон алдаа гаргаж, тэдний засаж чадалгүй явсаар 3-0 харьцаатай талбайн эздэд бууж өгөв. Италичуудын хувийн алдаанаас илүүтэйгээр Францын олон талт тоглолт, ямар ч аргаар хамаагүй оноо салгаж буй арга барилыг хамгаалахад хэцүү байлаа. Ийнхүү 2024 оны Парисын олимпын эрэгтэйчүүдийн волейболын алтан медалийн төлөө Францын шигшээ болон Польшийн шигшээ учраа таарч байна.

    Харин мөнгөн медалийн төлөө АНУ, Италичууд тоглоно. Мөнгөн медалийн төлөөх тоглолт 08-р сарын 09-нд тоглох бол 08-р сарын 10-нд аваргын алтан медалийн төлөө өрсөлдөөн болно.