Гольфийн спортын амьд домог Тайгер Вүүдс 4-р сарын 14-нд АНУ-ын Жоржиа мужийн Аугуста хотод болсон 2024 оны Мастерс тэмцээнд оролцлоо. Тус тэмцээнд нийт 60 тамирчин оролцсоноос Вүүдс 77 оноотойгоор хамгийн сүүлийн байранд орсон байна. Энэхүү үйл явдлыг үзсэн зарим үзэгчид өрөвдөж, зарим нь түүнээр доог тохуу хийсэн байна.
Тэрбээр нийт 26 Мастерс тэмцээнд оролцохдоо хамгийн багадаа л 82 оноо авч байсан бол өчигдөр ийнхүү 77 оноо авч хамгийн муу амжилтаа үзүүлжээ. Тайгер Вүүдс тус тэмцээнд оролцоход нуруу нь зовуурьтай байсан ч тэмцээнээ дуусгахаар шийджээ. Зөвхөн Вүүдсийг харах гэж цугладаг олон мянган үзэгчид түүний ийм муу амжилттай байхыг хараад сэтгэл гонсгор талбайг орхин явжээ. Ням гарагийн өглөө Вүүдс өглөөний 03:45 цагт босож, 9:35 цагт биеэ бэлдэхээр эмчилгээ хийлгэн тус тэмцээнд оролцсон байна. Нэгэн цагт талбайн бүхий л шилдэг амжилтыг тогтоож, дэргэдэх өрсөлдөгчдөө айн чичрүүлж байсан түүнийг өрсөлдөгчид нь энэ спортын бурхан мэт хүндэлдэг ч өдгөө түүнийг бараг өрөвдөх хэмжээнд очсон байна.