НБА-д энэ 12-р сард тун их сонирхол татахуйц үйл явдлууд болох хуваарьтай байна. 17-нд Эмиратын нэрэмжит NBA-н цомын төлөөх тэмцээний финалын тоглолт болох бол 26-нд мэдээж жил бүр зохион байгуулагддаг онц сонирхолтой зул сарын тоглолтууд биднийг хүлээж байна. Гэхдээ хамгийн чухал өдөр бол 12-р сарын 15 буюу NBA-н тоглогчдын солилцоо наймаанд оролцох цонх нь нээгдэх явдал юм. Уг солилцооны цонхоор дор хаяж 85-аас дээш тоглогчид гэрээний дагуу шилжилт хөдөлгөөн хийх боломжтой гэж үзэж байгаа ба эдгээр тоглогчдоос олны анхаарлыг хамгийн өндөр татаж байгаа тоглогч бол Жимми Батлер.
Жимми Батлер улирлын дундуур солигдох магадлал маш өндөр байна
12 сарын 11
Хамгийн сүүлд гарсан мэдээллээр Миами Хит багийн зүгээс Жиммиг солилцоонд оруулна гэдгээ мэдэгдсэн байна. Түүний агент Bernie Lee энэ талаар мэдэгдэхдээ: “Техас мужийн унаган хүү Жимми Техасын хоёр баг болох Даллас Маверикс эсвэл Хьюстон Рокетсд очих сонирхолтой байгаа ба үүнээс гадна Голден Стэйт Уарриорс дээр мөн очиж болох талаар дурдсан” хэмээжээ.
Миами Хит багийн ерөнхийлөгч Пат Райли өнгөрсөн зун түүнд гэрээ сунгах санал тавиагүй ба ийнхүү түүнийг солиход бэлэн гэдгээ зарласан нь маш зөв шийдвэр гэдгийг олон спорт аналистууд үзэж байна. Түүнийг ирэх зун хүртэл тоглуулаад явуулбал өөрсдөө хоосон үлдэх байсан тул энэ солилцооны цонхоор явуулж оронд нь багт хэрэгтэй тоглогч аль эсвэл драфтын эрх авсан нь хамаагүй дээр сонголт билээ.
Түүний энэ жилийн цалин 52 сая ам.доллар байгаа ба энэ мөнгийг дүйцүүлэн солилцоо хийхээр багууд өнөөдрөөс эхлэн уралдах болно.
35 настай Жимми Батлер энэ улиралд боломжит 22 тоглолтоос 17-д нь оролцож 32 минут дунджаар талбайд өнгөрүүлэхдээ 19.1 оноо, 5.4 самбар, 4.8 дамжуулалт, 55%-ийн довтолгооны гүйцэтгэлтэйгээр баг нь 12-10 гэсэн амжилттайгаар бүсийнхээ 5-р байранд бичигдэж байна.