Монголын эмэгтэй хөлбөмбөгийн түүхэнд тодоор тэмдэглэгдэх шинэ хуудас нээгдлээ. Учир нь Монголын эмэгтэй шигшээ багийн тамирчин, Хараацай клубийн багийн ахлагч Ч.Солонго Ази тивийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Азийн эмэгтэйчүүдийн аваргуудын лигт тоглохоор Лаос улсын лигийн аварга Мастер 7 клубтэй нэгджээ.
Ч.Солонго Азийн эмэгтэйчүүдийн аваргуудын лигт Лаосын Мастер7 багаас тоглоно
8 сарын 8


Ч.Солонго Монголын хамгийн том тэмцээн болох гадаа талбайн лигт 2023 онд аварга авч, 2022,2024 онуудад дэд байрт шалгарч байсан бол Футзалын лигт 2024,2025 онд аварга авч мөн 2024 онд шилдэг тоглогчийн шагнал хүртсэн билээ.

Лаосын Мастер 7 клубийн хувьд өнгөрсөн улиралд лигтээ түрүүлж Азийн эмэгтэйчүүдийн аваргуудын лигт оролцох эрхээ авч тэмцээний D хэсэгт Тайвань улсын лигийн аварга Kaohsiung Attackers болон БНАСУ-ын лигийн аварга Naegohyang, Бутан улсын лигийн аварга RTC клубүүдтэй нэг хэсэгт орсон бөгөөд хэсгийн бүх тоглолтуудыг Лаос улс зохион байгуулахаар болжээ. Лаосын Мастер 7 клуб манай улсын тамирчин Ч.Солонгоос гадна БНСУ-с 2 тамирчин мөн АНУ-с 1 легионер тамирчин клубтээ элсүүлсэн байна.

Монголын эмэгтэй хөлбөмбөгийн анхны легионер тамирчин Ч.Солонго:
Анх Лаос улсад тоглож буй Япон улсын легионер тамирчин санал тавьсан бөгөөд түүний тоглолтын бичлэгийг авч улмаар Мастер 7 клубт нэгдэх том боломж үүссэн. Багтайгаа анх нэгдэхэд Лаосын эсрэг шигшээ багийнхаа хамтаар хэд хэдэн удаа тоглож байсан болохоор намайг таньдаг тамирчид байсан болохоор амар байсан бөгөөд уриалгахан хүлээн авсан. Монголын тамирчид болон гадны тамирчдын ялгаа гэвэл жоохон алдаан дээр гадны тамирчид аягүй хөнгөхөн хүлээж авч тоглоом шоглоом болгон хүлээн авдаг бөгөөд мөн бие бялдрын хувьд жижиг ч маш хурдан хөдөлгөөнтэй техник сайтай юм билээ.
