MSports logo
Майкл Жордан өмсгөлөө хулгайд алдаж өөр дугаартай тоглох болсон нь
  • А
    Админ

    7 сарын 21

  • Майкл Жордан өмсгөлөө хулгайд алдаж өөр дугаартай тоглох болсон нь

        Сагсанбөмбөгийн домогт тоглогч Майкл Жорданы өмсгөл гэвэл бүгд л түүний 23 дугаарыг санагалзана. Тэгвэл түүнд анх удаа өөр дугаартай тоглох шаардлага тулгарчээ. Учир нь 1990 оны хоёрдугаар сарын 14-ны өдөр Орландо Мэйжик багтай хийх зочлон тоглолтод оролцох үед түүний өмсгөлийг хэн нэгэн хувцас солих өрөөнөөс хулгайлсан байна. Тухайн үед иймэрхүү нөхцөл байдал өмнө нь гарч байгаагүй учир нэмэлтээр сэлгэх өмсгөлийг арын албаныхан бэлддэггүй байж. Яах учраа олоогүй Чикаго Буллс баг 23 дугаартай өмсгөл эргэн тойрноос хайж цаашлаад түүний өмсгөлийг өмсөж ирсэн фанатуудаас авахаар болсон ч тэр нь Жорданд таараагүй гэдэг.

      Тоглолт эхлэх дөхөж Жорданы өмсгөлийг нэгэнт олж чадахгүйгээ мэдсэн арын алба шүүгээний ёроолд сул байсан 12 дугаартай өмсгөлийг санал болгосон байна. Ингээд тэрээр тоглолтод оролцохын тулд тухайн өмсгөлийг өмсөхөөс аргагүйд хүрч уг дугаартай тоглосноор түүний бэлэг тэмдэг болсон 23 дугаар дундуур бяцхан 12 дугаар ороод амжжээ. Хэдий өөр өмсгөлтэй гарсан ч тухайн үед бүстээ амжилттай явж байсан Орландо Мэжикийн эсрэг 49 оноо авсан байдаг. Майкл Жордан гэхээр бүгд 23 дугаарыг төсөөлдөг боловч зодог тайлсны дараа эргээд сагсанбөмбөгтөө ирэхдээ 45 дугаарыг хэсэг хугацаанд сонгох болсон. Энэ нь түүний Бэйсболлын багтаа өмсдөг байсан дугаартай холбоотой. Тэгэхээр Жордан нийтдээ 3 өөр дугаартай өмсгөлийг замналынхаа турш өмсөж байсан байх нь.