Испанийн “Ууртай бух” хочит, “Их дуулга”-ын 22 удаагийн аварга домогт теннисчин Рафаэль Надаль 11-р сард сүүлийн тэмцээндээ оролцсоны дараа эх спортоосоо зодог тайлна гэдгээ мэдэгдлээ. Бүх цаг үеийн хамгийн шилдэг теннисчдийн нэг гэгддэг Надалийн сүүлчийн тэмцээн ирэх арван нэгдүгээр сард болох Дэвисийн цомын финал бөгөөд Испанийн шигшээ багийн хамт оролцох юм.
Өдгөө 38 настай Надаль Францын нээлттэй тэмцээнд 14 удаа түрүүлж, 22 удаа Их дуулгад түрүүлж, өөрийн нэрээ дэлхий дахинаа дуурсгасан билээ. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд бэртлээс болж олон тэмцээнийг өнжсөн ба зуны олимпын өмнө энэ жил түүний тоглох сүүлчийн жил байх болно гэдгээ мэдэгдсэн юм.