MSports logo
19 НАСТАЙ ДАНИ ЗАЛУУ ХОЛГЕР РУНЬ ДЭЛХИЙН ШИЛДГҮҮДИЙГ ЯЛЖ РОЛЕКС ПАРИС МАСТЕРСЫН АВАРГА БОЛЛОО
  • А
    Админ

    10 сарын 31

  • 19 НАСТАЙ ДАНИ ЗАЛУУ ХОЛГЕР РУНЬ ДЭЛХИЙН ШИЛДГҮҮДИЙГ ЯЛЖ РОЛЕКС ПАРИС МАСТЕРСЫН АВАРГА БОЛЛОО

    Дэлхийн теннисийн холбооноос зохион байгуулсан эрэгтэйчүүдийн “АТР 1000”ангиллын тэмцээн болох “Ролекс Парис Мастерс 2022” тэмцээн Франц улсын Парис хотод 10 дугаар сарын 31-нээс эхэлж, аваргаа шалгаруулжээ. Энэхүү тэмцээний ганцаарчилсан төрөлд Дэлхийн шилдэг 56 эрэгтэй теннисчин өрсөлдсөн бол, хосын төрөлд шилдэг 24 хослол оролцсон. “Ролекс Парис Мастерс 2022” тэмцээний ганцаарчилсан төрлийн аваргаар Дани улсын теннисчин Холгер Рунь шалгарч, хосын төрөлд Нидерландын Уэсли Клоохоф, Английн Нейл Скупски нар аваргалсан байна. Тус тэмцээний ганцаарчилсан төрлийн аваргаар шалгарсан Холгер Рунь энэ улирлын цуврал тэмцээнүүдээс гурав дахь түрүүгээ авч байгаа нь энэ юм. Өдгөө дөнгөж 19 настай Дани залуугийн хувьд тэмцээнийг 10т эрэмбэлэгдэн эхлүүлж, эхний тойрогт Дэлхийн чансааны 150 Стэйн Вавринкаг 2:1 гэсэн сетийн харьцаатай ялж, хоёрдугаар тойрогт чансааны 11 Хуберт Хуркачийг 2:0-ээр буулган авч, шөвгийн 16 шатанд Дэлхийн чансааны 7 Андрей Рублевыг 2:0-ээр, шөвгийн наймд Дэлхийн чансааг тэргүүлэгч Карлос Алкаразыг мөн 2:0 харьцаатай хожиж, цахиур хагалан гарч ирсэн билээ. Тэрбээр хагас шигшээ тоглолтод Канад теннисчин Фелиш Аугер-Алиассимег буулган авч, шигшээ тоглолтод 21 удаагийн “Их Дуулга” тэмцээний аварга Сербийн алдарт Новак Жоковичийг 2:1 харьцаатай ялж, үнэ цэнтэй аварга цолыг хүртлээ.

    Холгер Рунь нийт 5 сая 415 мянган еврогийн шагналын сантай тус тэмцээнд түрүүлснээр чансааны мянган оноог, 836 мянган еврогийн хамт халаасаллаа. Ингэснээр Холгер Рунь Дэлхийн чансааны наймд эрэмбэлэгдэж эхэллээ. Энэхүү тэмцээн анх 1969 онд зохиогдож, Нидерландын домогт теннисчин Том Оккер аварга болж байсан. 1986 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж байгаа “Ролекс Парис Мастерс” тэмцээнд Сербийн Новак Жокович зургаан удаа түрүүлсэн нь тус тэмцээний түүхэнд нэгт орох үзүүлэлт билээ.

     

    Э.Мандалбаяр