MSports logo
ДЭЛХИЙН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТЕННИСЧИД 5 САЯ ДОЛЛАРЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨЖ БАЙНА
  • А
    Админ

    10 сарын 31

  • ДЭЛХИЙН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТЕННИСЧИД 5 САЯ ДОЛЛАРЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨЖ БАЙНА

    Дэлхийд чансаагаараа тэргүүлж байгаа, шилдэг найман эмэгтэй теннисийн тамирчдын өрсөлддөг “WTA FINALS 2022” тэмцээн Америкийн нэгдсэн улсын “Форт Уорт” хотод эхэллээ. Нээлтийн өдөр тэмцээний ганцаарчилсан болон хосын төрөлд, хэсгийн шатны тоглолтууд болж Дэлхийн чансааны номер 7 Арина Сабаленка, Дэлхийн чансааны номер 2 Тунисийн тамирчин Онс Жабеурыг 2:1 харьцаатай буулган авсан бол Дэлхийн чансааны номер 5, Грек улсын теннисчин Мария Сакари, энэ оны “Гвадалахарагын нээлттэй тэмцээний аварга Жессика Пегулаг ялж олны таамгийг эвдээд байна. Харин хосын төрөлд чансааны номер 6 Хятад улсын хослол Ифан Шү, Жаошуан Ян нар Америкийн Коко Гауфф, Жессика Пегула нарыг ялсан бол, Дэлхийн чансааг тэргүүлэгч Чехь улсын хослол Барбора Крейчикова, Катерина Синякова нар, чансааны 8-д эрэмбэлэгдэж байгаа Десире Каравчик, Деми Шөүрс нарыг буулган авсан байна.

    Нийт 5 сая долларын шагналын сантай тус тэмцээн нь ганцаарчилсан төрөлд чансаагаар тэргүүлж байгаа найман теннисчин хоёр хэсэгт хуваагдаж, тойргоор тоглох форматаар явагддаг билээ. Ийнхүү нэг тамирчин хэсэгтээ гурван тоглолт хийж, хэсэг тус бүрээс хамгийн их хожил авсан хоёр тамирчин дараагийн шат болох хасагдах шатанд шалгарах юм. Харин хосын төрөлд чансаагаар тэргүүлж байгаа найман хослол, мөн энэ форматаар хасагдах шатны хослолуудыг тодруулна. Тэмцээний ганцаарчилсан төрөлд түрүүлсэн тамирчин 1 сая 240 мянган доллар, чансааны 750 онооны хамт халааслах бол, хосын төрөлд түрүүлсэн хос чансааны 750 оноо, 250 мянган долларын шагнал хүртэх аж. Тус тэмцээн нь эмэгтэйчүүдийн талбайн теннисний улирлын хаалтын хамгийн том тэмцээн болон зохиогддог уламжлалтай. 1972 оноос хойш 49 жил тасралтгүй зохион байгуулагдсан “WTA FINALS” тэмцээн нь 2020 онд цар тахлын улмаас анх удаа зохиогдолгүй өнжсөн юм. Энэхүү тэмцээний түүхэнд Америкийн домогт теннисчин Мартина Навратилова хамгийн олон буюу найман удаа түрүүлж байсан бол алдарт Серена Уильямс таван удаа түрүүлж байсан нь хоёрт орох үзүүлэлт билээ.

     

    Э.Мандалбаяр