Монголын Волейболын шигшээ багийн тамирчин ОУХМ Батсүхийн Баярсайхан БНСУ-ын шилдэг багуудын нэг Cheonan Hyundai Capital Skywalkers багт нэгдлээ. Тус багийн хувьд 1983 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд БНСУ-ын Супер лигийн тэмцээнд 6 удаа аварга авч, 10 удаа дэд байрт шалгарсан бөгөөд БНСУ-ын дээд лигт 5 удаа аварга авч, 8 удаа дэд байрт шалгарч байжээ. Мөн БНСУ-ын Волейболын холбооноос зохион байгуулдаг цомын тэмцээнд 5 удаа аварга авч, 1 удаа дэд байрт шалгарч байсан юм.
ОУХМ Б.Баярсайхан БНСУ-ын өнгөрсөн улирлын аварга Hyundai Capitals Skywalkers багт нэгдлээ
10 сарын 22
ОУХМ Б.Баярсайханы хувьд өмнө нь 2023-24 оны улиралд БНСУ-ын дээд лигийн Ansan OK Financial Group OKman багт драфтын 4 дэх сонголтоор сонгогдож, багаараа 36 тоглолтод оролцож, 16 хожил, 20 хожигдолтой улирлыг амжилттай дуусгаж байсан. Харин өнгөрсөн улиралд “Монголын Волейболын Холбооны Үндэсний Дээд Лиг”-ийн тэмцээнд Хасу Мегастарс клубийнхээ хамтаар улиралд 18 тоглолтод оролцож, 17 хожиж, ердөө ганц хожигдсон бөгөөд хасагдах шатанд Натур Бакс багийг 2-0; аваргын төлөө Төв Миг багийг 3-0 харьцаатай хожиж, Үндэсний дээд лигийн аваргаар тодорч, Үндэсний Дээд Лигийн хамгийн том хувь тоглогчийн шагнал болох “Үнэ Цэнтэй Тоглогчийн” шагнал хүртсэн билээ. Түүний хувьд өнгөрсөн улиралд Хасу Мегастарс багт 19.9 оноо, 3.3 хаалт, 15.3 довтолгоо, 1.4 давуулалт амжилттай гүйцэтгэсэн байна.
БНСУ-ын өнгөрсөн улирлын аварга Cheonan Hyundai Capital Skywalkers багийг Франц мэргэжилтэн Philippe Georges Antoine Blain удирддаг бөгөөд тэрбээр өмнө нь Франц, Польш, Японы шигшээ багуудын туслах болон ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан шилдэг дасгалжуулагч билээ.







