Парис-2024 олимпын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -50кг жинд Энэтхэгийн бөх Винеш Фогат алтан медалийн төлөө АНУ-ын тамирчин Сара Хилдебрандтай өрсөлдөхөөр шалгарсан ч 100 грамм жингийн илүү байсан гэсэн шалтгаанаар финалд оролцож чадалгүй тэмцээнээс харамсалтайгаар хасагдсан. Гэсэн ч тэрээр мөнгөн медаль авах хүсэлтээ "Спортын арбитрын шүүх"-д (CAS) хандсан ч шүүх хурлын хариу нь олон хоног хойшилж байсан.
Харин өнгөрсөн лхагва гарагт "Спортын арбитрын шүүх" (CAS)-ээс Энэтхэгийн бөх Винеш Фогат Парисын олимпод оролцох эрхээ хасуулсан тухай эл гомдлыг хэрэгсэхгүй болгожээ. Ингэснээр Фогат нь медалиа эргүүлэн авах боломжгүй болсон бөгөөд тэрээр Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн шийдвэрийг эсэргүүцэн спортын дээд шүүхэд давж заалдсан ч түүний медалиа авах итгэл нь үгүй болжээ. Мөн Фогат олимпоос хасагдсаныхаа дараа олон нийтийн сүлжээгээр дамжуулан спортоо орхиж байгаагаа зарлаж "2001-2024 оныг зориулсан бөхийн спорт минь баяртай. Би та бүхэнд үүрд өртэй боллоо. Намайг уучлаарай." гэж бичин зодог тайлж буйгаа албан ёсоор хэлсэн.