MSports logo
Алжирын боксчин Имане Хелиф нэр бүхий алдартнуудын эсрэг гомдол гаргажээ
  • Н
    Нанва

    8 сарын 14

  • Алжирын боксчин Имане Хелиф нэр бүхий алдартнуудын эсрэг гомдол гаргажээ

    Алжир улсын боксчин Имане Хелиф Парис-2024 олимпод эмэгтэйчүүдийн 66кг жинд тулалдан үнэмлэхүү ялалтыг байгуулж олимпын анхны алтан медалиа хүртсэн. Харин түүнийг "алтан медалийн төлөө өрсөлдөх үеэр өөрийг нь нэр бүхий олны танил хүмүүс цахим сүлжээнд гутаан доромжилж, дарамталсан" гэсэн үндэслэлээр Франц улсад хуулийн дагуу гомдол гаргажээ. X-ийн эсрэг гаргасан эл гомдолд SpaceX болон Тesla компанийн захирал Элон Маск, "Харри Поттер" киноны зохиолч Ж.К.Роулинг нарын нэрс дурдагдсан талаар Yahoosports, Variety сайтад нийтлэгдсэн байна.

    “Ж. К.Роулинг, Элон Маск нар шүүхэд дуудагдах магадлалтай” гэж Имане Хелифийн өмгөөлөгч Набил Боуди мягмар гарагт Variety сэтгүүлд ярьжээ. Мөн "АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп мөрдөн байцаалтын нэг хэсэгт байж магадгүй" гэж нэмж хэлсэн ч Трампыг дуудагдах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

    Энэ бүх маргаан нь Имане Хелиф Парис-2024 олимпод Италийн боксчин Анжела Кариниг ердөө 66 секундэд ялснаас эхлэлтэй . "Харри Поттер"-ын зохиолч Роулинг, Имане Хэлиф Каринитэй тулалдаж ялалт байгуулснаас нэг өдрийн дараа өөрийн X (твиттер) дээрээ "Спортын нэрээр эрэгтэй хүн эмэгтэй хүнийг цохиж байгааг эсэргүүцэж байгаа хүмүүс Халифыг эр хүн гэдэгт итгэдэг учраас эсэргүүцэж байгаа юм. Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг цохиж байгааг харсан учраас бид эсэргүүцэж байна” гэх утгыг агуулсан зүйл бичжээ.

    Нөгөө талаас "Парис 2024 олимпын наадамд өрсөлдөж буй хоёр эмэгтэй тамирчны талаар ташаа мэдээлэл цацагдсаныг бид мэдээллүүдээс харж байна" гэж ОУОХ Хелифийн анхны тулааны дараа хийсэн мэдэгдэлдээ бичжээ. "Хүйсээ солиулсан гэх асуудалд нэр холбогдоод буй хоёр тамирчны тухайд хоёр тамирчин олон жилийн турш Токио-2020 олимпын наадам, Олон улсын боксын холбоо (ОУБХ)-ны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, ОУХХ-ны зөвшөөрөлтэй тэмцээн зэрэг эмэгтэйчүүдийн төрөлд олон улсын боксын тэмцээнд оролцсоор ирсэн тамирчид" гэсэн байна.

    Хелифын дасгалжуулагч Мохамед Чаоуа алтан медаль хүртэхийнхээ өмнөхөн сэтгүүлчдэд хэлэхдээ "цахим сүлжээнээс ирж байгаа эл маргаан, дайралтууд боксчинд олимпын үеэр маш их нөлөөлсөн. Тэр дээрх гаргасан гомдолд (хүчирхийлэлд) бууж өгөхгүй. Тэр тэдэнд ёс зүйн сургамж өгнө гэж бодож байна." гэж дурдаж байжээ. Имане Хелифийн гаргасан гомдлын дагуу Францын холбогдох албанаас асуудлыг шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын хүрээнд өөр нэрс гарч магадгүй гэж тамирчны өмгөөлөгч Буди нэмж хэлсэн байна.

    Имане Хелиф нь аварга авсны дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Би эмэгтэй хүн, миний юу туулж ирснийг Алжирын ард түмэн мэднэ" гэж дурджээ.