21 аймгийн Үндэсний Супер лигийн оны шилдгүүд зарлагдаж дууслаа. Яг одоо Баруун болон Зүүн бүсийн шигшээ тоглолтууд явагдаж байна. Өчигдөр Багануур баг талбай дээрээ Дорноговь Цолмон багийг хүлээж авсан тоглолтын өмнө 2024 оны MVP буюу Үнэ цэнтэй тоглогчийн шагналын эзнийг лигийн комиссар Б.Баасандэмбэрэл зарлалаа. Тэрбээр “Үндэсний супер лигийн 2024 оны улирлын Үнэ цэнтэй тоглогчоо Багануур багийн ахлагч Б.Болдбаатар тодорч байна. Тэрбээр энэ улиралд 28.5 оноо, 7.6 самбар, 3.4 дамжуулалт, 3.5 бөмбөн таслалт дунджилсан ба Багануур багийн хамт 14 хожил, 1 хожигдолтойгоор Зүүн бүсийг тэргүүлсэн. Багануур болон Б.Болдбаатартаа баяр хүргэе!” хэмээн МVP-ийн цомыг гардуулсан юм. Б.Болдбаатар 2024 оны улирлын бэлгэдлийн гарааны таван тоглогчийн нэгээр Б.Энхсайхан /Завхан Гарьд/, Д.Дөлгөөнмөрөн /Өвөрхангай Бет Толк/, Т.Цогбадрах /Ховд Шонхорууд/, С.Дугар-Эрдэнэ /Налайх Бизон/ зэрэг тоглогчдын хамт нэрлэгдсэн юм. Зүүн бүсийн шигшээ цувралд өчигдөр Багануур баг 18 онооноос эргэн ирж, эцсийн мөчид Б.Болдбаатарын чөлөөт шидэлтээр ялалт байгуулж цувралд 1-1 харьцаатай болсон. Маргааш тэд Дорноговь Цолмон багийн талбайд буюу Сайншанд хотноо зочлон тоглох хуваарьтай байна.
21 аймгийн Үндэсний Супер лигийн МVP-ээр Багануур багийн Б.Болдбаатар тодорлоо
Ө
Өсөхбаяр
6 сарын 21