MSports logo
Клэй Томпсон аавыгаа гонсойлгов
  • Т
    Төгсбаясгалан

    7 сарын 5

  • Клэй Томпсон аавыгаа гонсойлгов

    NBA-ийн чөлөөт агент зах зээл нээгдэж, багууд ирэх улиралдаа бэлдээд завгүй байна. Драфтын сонголт, зуны лиг, дасгалжуулагчийн халаа сэлгээ, бүрэлдэхүүнээ шинэчилнэ гээд 30 багийн менежер дор бүрнээ ухаан уралдуулж буй. Энэ зуны чөлөөт агентын зах зээл дээрх хамгийн том нэрсийн нэг бол яахын аргагүй Клэй Томпсон байлаа. Түүнийг Голден Стэйт Уорриорс багтаа үлдэнэ гэж олон хүн итгэж байсан ч үнэн хэрэгтээ бизнес өөрөөр явав.

    Өдгөө 34 настай Клэй Томпсон Даллас Маверикс багтай гурван жилийн 50 сая ам.долларын гэрээ байгуулсан. Ингэснээр Лука Дончич, Кайри Өрвин, Клэй Томпсон зэрэг шилдгүүд их гурвалыг бүрдүүлж чадлаа. 

    Клэй Томпсон аавыгаа гонсойлгов

    Чөлөөт агентын цонх нээгдсэнээс хойш Клэй Томпсоныг Лэйкерс, Клипперс, Орландо, Маверикс багууд сонирхож байна гэх шуум дуулдсан. Ялангуяа Лэйкерсийн нэр хамгийн их сонсогдож байв. Арга ч үгүй. Клэй Томпсон өөрөө Лос Анжелес хотод төрж, ах сургуулиа Оранж каунтигийн Санта Маргаритад төгссөн. Мөн түүний аав Майкл Томпсон Лэйкерсийн бүрэлдэхүүнд тоглож, хоёр ч удаа NBA-ийн аварга болсон гэхээр хүүгээ өөр шигээ санах нь гарцаагүй. Гэвч түүний хүү Клэй аавынхаа замналаар явахыг хүссэнгүй.

    Үүнд нь Майкл Томпсон ч гонсойжээ. Тэрбээр саяхан радио нэвтрүүлэгт орох үеэрээ "Клэй багадаа Лэйкерсийн фэн байсан. Тэр үеийнхэн шигээ Коби Брайантыг шүтэж өссөн. Би түүнийг эцэст нь гэртээ ирвэл гайхалтай тохирох болов уу гэж бодсон. Бид үргэлж л Голден Стэйт Уорриорс байгаагүй бол түүнийг Лэйкерст тоглох байсан талаар ярьдаг байлаа. Мэдээж энэ бол Клэйн гаргасан шийдвэр. Тэр өөрийнхөө амьдралаар амьдарч буй нас биед хүрсэн хүн. Хэрэв намайг 34 настай байхад аав минь зөвлөгөө өгсөн бол би өөрийнхөөрөө л байх байлаа. Амьдрал ийм л байдаг. Гэхдээ би үнэндээ сэтгэл дундуур байна. Би түүнийг Лэйкер гэж болно гэж найдаж байсан юм. Гэхдэ би түүнийг Лэйкерсийн өмсгөлтэй зодог тайлна гэдэгт итгэж байгаа" гэжээ.

    Клэй Томпсон аавыгаа гонсойлгов