MSports logo
ОУХМ Б.Батсуурь: Бид өөрийн зорьсон зүйлдээ эзэн байвал, хичээвэл заавал амжилт үзүүлдэг, боломжгүй зүйл гэж байхгүй
  • Ө
    Өсөхбаяр

    7 сарын 5

  • ОУХМ Б.Батсуурь: Бид өөрийн зорьсон зүйлдээ эзэн байвал, хичээвэл заавал амжилт үзүүлдэг, боломжгүй зүйл гэж байхгүй

    2019 оны УАШТ-ий Үнэ цэнтэй тоглогч, 2023 оны Үндэсний Дээд лигийн дөрөвдүгээр байр, 2024 оны Үндэсний Дээд лигийн дэд аварга, шилдэг довтлогч, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Батсуурь өөрийн цахим хуудаснаа хүн зорьж, хичээвэл чадахгүй зүйл үгүй хэмээн хэрхэн мөрөөдөлдөө хүрсэн талаараа нийтэлжээ. Тэрбээр Азербайжан, АНЭУ, Тайваны дээд лигүүдэд тоглож, гурван өөр улсад легионер тамирчнаар уригдан тоглосон Монголын цорын ганц тамирчин болсон юм. Харин өнөөдөр гаргасан нийтлэлдээ Мальдив улсаас оруулсан байгаа нь түүний дараагийн зогсоол Мальдив байх боломжтой. 

    Түүний цахим хуудаснаа оруулсан нийтлэлийг хүргэж байна: 

    #Нэг #зүйлийн #талаар #бичмээр #санагдаад...
    2016 онд манай гэр бүлийн амьдрал тийм ч сайнгүй бас шинэхэн оюутан учраас ойр дотны хүмүүсээсээ хол амьдарч эхлэв. Бага байхаасаа тэмцээн уралдаанд их оролцдог байсан болохоор аль эрт биеэ дааж өөрийнхөө насанд баймгүй ширүүн дарвин зантай, хэгжүүн нөхөр болсон байв. Тухайн үед Хасу мегастарс клубын сэлгээнд суудаг сэлгээнээс хааяа л нэг гарч тоглоно. Талбайд гарсан үедээ өөрийнхөө боломжийг 100 биш 1000 хувь биелүүлээд суудаг байсан гэж хувьдаа боддог, ид сонирхол хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж байсан үедээ багийнхаа ахаас ухамсрын шанаа аваад төрсөн өдөр байсныг хэлэх үү уйлаад бүх юмаа хаяад явж байж билээ. Энэ багт дахиж хэзээ ч тоглохгүй гэж бодож эхэлсэн ер нь волейбол тоглох гэрэл мохсон гэж хэлэхэд ч болно. Тухайн үед их сургуулийнхаа боловсролдоо их л хичээдэг байлаа. Гутралд орсны дараа хичээл ч сонирхолгүй өөрийгөө юунд зорьж, тэмүүлж байгаагаа мэдэхгүй, хааяа гуниглан ээжийгээ санаад нууцаар уйлдаг үе нэлээд хэд байсан. Тухайн үед ээж,эгч 2минь Туркт ажил хийдэг байсан надтай ойр байдаг байсан хүмүүс ээжийн минь эгч, үеэл эгч хамаатаны Итгэл ах минь байлаа.
    Хэсэг бодож бодож за волейболоо хаяж чадахгүй юм байна. Эргээд хуучин багтаа очих уу, эсвэл шинэ багт очих уу гэсэн 2 сонголт гарч ирж хуучин багийнхаа ах, найз нөхдөдөө дассан болохоор эргээд очмоор ч юм шиг зарим зүйлийг бодохоор хуучин багтаа очмооргүй ч юм шиг. Тэгж тэгж шинэ орчинд орж байгаад бэлтгэлээ сайн хийж байгаад илүү сайн тоглоё гэж нэгэнт шийдэн сэтгэлзүйгээ бэлдэн, урам зоригтой болж эхэлж байлаа. Яг тэр үед Эрчим клубийн Төгсөө ах залгаад: -Манай клубээс тоглох уу, манайх төрийн өмчит клуб чи бэлтгэлээ сайн хийгээд сайн тогло хамтдаа том амжилт бүтээе гэж хэлснийг нь би зөвшөөрч Эрчим клуб дээр бэлтгэлд анх очив. Миний бодсоноос тэс өөр байлаа. Үе хоорондын харилцаа, багийн уур амьсгал гээд бүх юм таалагдаж энэ яг миний байх газар байна гэж шууд шийдсэн дээ. Өсвөр насны хүүхэд байхдаа л шүтдэг байсан тамирчинтайгаа нэг багт тоглож, ах нар урмын үг хэлэхэд унтарсан галыг асаасан юм шиг л мэдрэмж төрж байсан даа. Үндэсний лиг гэж байгаагүй үед буюу 2017 онд Монголын хамгийн том тэмцээн УБ цомын аварга гэж тэмцээн болдог байлаа. Энэ тэмцээнд Эрчим клубээс тоглож эхний тоглолтоо хуучин багтайгаа тоглохоор болов. Талбайд гарж тоглох гэтэл намайг хуучин багтайгаа 3 жилийн гэрээтэй байсан гэрээ зөрчсөн гээд 1 жилийн БАН өгчихлөө. Би 100 төгрөгний цалин авч байгаагүй, хэзээ гарын үсэг зурснаа ч санахгүй бүр ШОК. За яахав яахав үсрэхийн өмнө бөхийдөг гэдэг. Нэг жил өөрийгөө сайн бэлдээд дараа жилээс үсрээд өгөе л гэж бодсон. Ингээд тэр үеэс бэлтгэлээ сайн хийж, сонирхогчдын, орон нутгуудын, D-зэргийн гээд ороогүй тэмцээн байхгүй. Зав олдвол бэлтгэлээ хийгээд завсар гарвал тэмцээн гээд л. Зайсангийн шат, цэцэрлэгт хүрээлэн, гүйлтийн замд өөртэйгөө ярилцаж “Миний үеийн залуучууд бүгд миний дээр байгаа. Адилхан 2 гар 2 хөлтэй байж яагаад чадахгүй гэж” гээд л эсэн бусын юм бодож бэлтгэлээ шар хөдөлж хийдэг байлаа. Одоо бодоход гоё дурсамж шүү. Ингээд 1 жил өнгөрч 2018 оны залуучуудын улсын аварга болж насны ангилал 21 доош насны залуучууд ордог тэмцээнд 20 ч хүрээгүй байхдаа 19 настайгаасаа оролцож 2 жил дараалан залуучуудын улсын аварга болж MVP аваад орой нь цомоо бариад асгартлаа уйлж байж билээ. Тэгээд л Эрчим хэмээх клубийн албан ёсны гэрээт тамирчин болж гараанд гардаг болсон. Орсон тэмцээн болгондоо тогтмол амжилт үзүүлдэг ах нарыгаа сайхан хүндэлдэг дээ. Ах нар минь ч надад амьдралын лекц хаяа хаяа тавьдаг зөвлөгөө өгдөг байлаа. Мөн хүний сайнуудтай, найзуудтайгаа Эрчим клубээрээ танилцаж нөхөрлөсөн. Эрчим клубдээ 4 жил тоглоод Өмнөговь нутгаасаа тоглох бодолтой байгаагаа багийн менежер Отгонтөгс ахдаа хэлээд гуйсан. Ахаа би одоо нутгийнхаа нэр дээрээс тогломоор байна аа гэж. Намайг яг 4 жилийн өмнө угтаж авж байсан хүн 4 жилийн дараа Миний дүүгийн амьдрал сайжирч байвал яв аа, ах нь дүүгээ ойлгож байна, хэрвээ буцаад багтаа ирвэл нээлттэй шүү гэж хэлж билээ. Ингээд шинэ багаас нутгийнхаа нэр дээр тоглохоор боллоо. Амжилт үзүүлэхгүй бол яана даа, бүх юм бодсоноос эргэвэл яана гэсэн бодлууд толгойд байнга эргэлдэнэ. Анхны тэмцээндээ ороод 4-т орчихлоо. Манай багийнхан ихэвчлэн оюутан дүү нар, шинээр бүрдэж байгаа баг. Багийн эзэн эхэндээ волейболын тухай ойлголт байхгүй байсан. Бид бүгд богино хугацаанд гар нийлж хурдан амжилт үзүүлж чадсан гэж боддог. Тэр хэрээр багийн удирдлагууд, нутгийнхан маань волейболоор амьсгалж, мэдэрч, огшиж, омогшиж үздэг болсон. Миний хувьд өсөж төрсөн нутгаараа овоглуулж зарлуулах үргэлж сайхан байдаг. Ингээд Монголын волейбол Өмнөговь шанх транс гээд нэгэн шинэ багтай болсон. Бид эхний жилийн лигд 4-т орсон. Тэр жил би болон манай багийн залуус туршлага дутсан. Би багийн тамирчидруугаа уурлах, загнахаас эхлээд муухай хандлага, сул талууд надад их байсан. Гэхдээ бидний зорилго нэг учраас эр улсууд байна даа сайхан ярилцаад ойлголцчихдог болохоор гайгүй. Би ч өөрийгөө өөрчилж эхэлсэн. 2021 онд шигшээ багтаа дуудагдаж миний нэг зорилго биелж 2022 онд эх орныхоо нэр дээрээс анхны олон улсын тэмцээнд оролцож гадны багуудтай анх өрсөлдөж үзээд гадагшаа тоглох зорилгыг тээж эхэлсэн. Удалгүй миний бие халаалтын бичлэгийг DZ гэж page сошиалд тавьсан нь гадагшаа явж тоглоход хувь нэмэр болсон гэж боддог. 1 жилийн өмнө ярилцлага өгөхдөө легионер тоглогч болмоор байна гэсэн мөрөөдөл маань биелж Азербайджан улсруу явлаа. Хагартлаа баярлаж найз нөхөд, гэр бүл, ойр дотын хүмүүс маань гаргаж өгч билээ. Тэнд очоод 4 сар волейбол гэх спортыг шинээр таньж эхэлсэн. Хүчний бэлтгэл, өдрийн 2 бэлтгэл гээд ер нь бол яг мэргэжлийн тамирчны статусруу шилжиж, өөрийнхөө хувьд том амжилтуудыг гаргасан. Үүнээс хойш ахин 3 улсруу легионер тоглогчоор явлаа.
    Энэ постыг уншиж байгаа хүнд хэлэхэд бид өөрийн зорьсон зүйлдээ эзэн байвал, хичээвэл заавал амжилт үзүүлдэг, боломжгүй зүйл гэж байхгүй. Өөрийгөө битгий дутуу үнэлээрэй хэн нэгнээс урам зориг хайлгүй чи өөрийнхөө урам зориг шүү гэж хэлмээр байна. Монголын волейболыг нэг шат ахиулах үйлсэд зүтгэсээр яваа миний спортын амьдралын жижигхэн хэсэг байлаа. Би энэ өчүүхэн амжилтдаа ханаагүй ээ. Би улам хичээж надад итгэдэг хүмүүсийнхээ итгэлийг алдахгүй ээ.  
    Azerbaijan 
    Dubai 
    Taiwan 
    Maldive 
    2024.7.4-ны өдөр 22:40 минут, Мальдив улс, Мале хотоос бичив.