Ямайка улс бол хөнгөн атлетикийн гүйлтийн тамирчдаараа тэргүүлдэг улс билээ. Токио-2020 олимпын 100м гүйлтийн эмэгтэйчүүдийн тэмцээний медалийн тавцанг Ямайкийн бүсгүйчүүд бүрэн эзэгнэж байсан. Алтан медалийг Элайн Томпсон, мөнгө, хүрэл медалийг нутаг нэгт Эелли Энн Фрауйзер Прайс, Герика Жексон нар хүртсэн.
Тэгвэл энэ удаагийн олимпод 100 метрийн гүйлтийн эмэгтэйчүүдийн төрөлд 37 настай Эелли Энн Фрауйзер Прайс сүүлийн удаа уралдах гэж байгаагаараа олны анхаарлыг нилээд татаж байгаа юм.
Учир нь олимпын наадамд оролцсоны дараа зодог тайлж, гэр бүлдээ илүү их цаг зарцуулахын тулд спортоо орхиж байгаа тухайгаа "Essence" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Тэрбээр эмэгтэйчүүдийн 100 метрийн ганцаарчилсан төрлөөр Бээжин-2008 олимпод алтан медаль, Лондон-2012 олимпод алтан медаль, Рио-2016 олимпод хүрэл медаль, Токио-2020 олимпод мөнгөн медаль хүртсэн бол багийн 4х100 төрөлд Лондон-2012 олимпод мөнгө, Рио-2016 олимпод мөнгө, Токио-2020 олимпод алтан медаль авснаараа олимпын хамгийн олон медальтай хөнгөн атлетикийн эмэгтэй тамирчин, бүх цаг үеийн хамгийн шилдэг гүйгчдийн нэг гэж үнэлэгддэг.