MSports logo
Монголын усан спортын тамирчид Олимпын түүхэнд
  • Ө
    Өсөхбаяр

    7 сарын 30

  • Монголын усан спортын тамирчид Олимпын түүхэнд

    Монголын усан спортын түүхэнд манай тамирчид 2000 оны Сиднейн олимпоос эхлэн оролцож байсан удаатай. Түүнээс хойш манай усан спортын шилдгүүд одоог хүртэл тасралтгүй зургаан олимп дараалан оролцоод байна. 

    2000 он /Сидней/

    Анх 2000 онд Австралийн Сидней хотод зохион байгуулагдсан 27 дахь удаагийн зуны спортын наадамд Монгол улсаас тамирчин Спортын мастер Санжаажамцын Алтантуяа, Спортын Мастер Ганаагийн Галбадрах нар усан сэлэлтийн төрлөөр эх орноо төлөөлөн оролцсон байна. С.Алтантуяа нь чөлөөт сэлэлтийн төрөлд мэргэшсэн Монголын шилдэг усан сэлэгчдийн нэг. Тус олимпод эмэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн. Урьдчилсан гараанд С. Алтантуяа хамгийн тухайн үеийн хамгийн удаан буюу 1.13 секундээр усанд шумбаж, 1:10.22 секундийн амжилтаар Тажикистаны тамирчин Катерина Измайловаг бараг есөн секундээр ардаа орхин долоо дахь байранд орсон. Урьдчилсан шатанд нийлбэр дүнгээр тавин гуравдугаар байр эзэлсэн тул хагас шигшээд шалгарч чадаагүй билээ. Г. Галбадрахын хувьд эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд оролцож байлаа. Тэрбээр урьдчилсан шатанд 58.79 амжилтаар тухайн хэсэгтээ 4-р байранд бичигдэж байсан ч урьдчилсан шатанд нийлбэр дүнгээр 67-р байр эзэлсэн тул хагас шигшээд шалгарч чадаагүй байна. Анхдагчид маань одоо Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх ТӨҮГ-ын Спорт цогцолборт усанд сэлэлтийн дасгалжуулагч, арга зүйчээр ажиллаж байна. 

    Монголын усан спортын тамирчид Олимпын түүхэнд

    2004 он /АФИН/

    Грекийн нийслэлд зохион байгуулагдсан "Афин-2004" олимпын наадамд усан спортын тамирчин Спортын мастер Андейн Тамир Монгол улсаа төлөөлөн оролцсон юм. “FINA” буюу Олон улсын усан сэлэлтийн холбооноос Монгол улсад олгосон цагаан хуудсаар олимпын наадамд эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд өрсөлдөж 56.37 секундийн амжилт үзүүлэв. Тэрбээр гараандаа гурван тамирчныг ардаа оруулсан ч нийт дүнгээр56 тамирчнаас 49 дүгээрт эрэмбэлэгдсэн байна. А.Тамир нь Монголын усан спорт сонирхогчдын холбооны шилдэг клуб болох "Виста" клубийн үүсгэн байгуулагч юм. 

    Монголын усан спортын тамирчид Олимпын түүхэнд

    2008 он /БЭЭЖИН/

    БНХАУ-ын нийслэл Бээжин хотод зохион байгуулагдсан "Бээжин-2008" олимпын наадамд усан спортын тамирчин Спортын мастер Дашцэрэнгийн Сайнцэцэг, Болдбаатарын Бүтэх-Үйлс нар оролцож байжээ. Эмэгтэйчүүдийн 50м-ийн чөлөөт сэлэлтийн төрөлд спортын мастер Д. Сайнцэцэг гараандаа 29.63 секундэд барианд орсон ба 93 тамирчнаас 67 дугаар байрт орсон байна. Харин Б. Бүтэх-Үйлс эрэгтэйчүүдийн 100 метрийн мэлхий сэлэлтээр гараандаа 1:10:80 секундийн амжилтыг үзүүлж, нийт 63 тамирчнаас 60 дугаар байранд орж, тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Д.Сайнцэцэг нь Спортын хоол зүйч, судлаачаар ажилладаг бол Б. Бүтэх-Үйлс нь Холбооны ЕНБД-аар ажиллаж байсан юм. 

    Монголын усан спортын тамирчид Олимпын түүхэнд

    2012 он /ЛОНДОН/

    "Лондон-2012" Олимпын наадамд Монголын усан спортын тамирчдаас спортын мастер Гантөмөрийн Оюунгэрэл 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд оролцсон бол Андейн Тамир 100 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд оролцсон удаатай. А.Тамир 8 жилийн дараа 2 дахь Олимпын наадамдаа оролцсон нь нэгэн онцлох үйл явдал болжээ. Мөн Г. Оюунгэрэл нь Лондон-2012 олимп наадамд оролцсон Монгол тамирчдаас Н.Төгсцогтын хамт хамгийн залуу тамирчдын нэг болж байв. 

    Монголын усан спортын тамирчид Олимпын түүхэнд

    2016 он /РИО/

    "Рио-2016" Олимпын наадамд Монголын усан спортын олон улсын хэмжээний мастер Б. Дөлгөөн, Спортын мастер Б. Есүй нар оролцсон. ОУХМ Батсайханы Дөлгөөн нь 50 метрийн өврөөр даллах сэлэлтээр 24.25, далайн гахай сэлэлтээр 25.79 секундын амжилтаар тус тус 50 метрийн усан бассейны Монгол Улсын рекордыг шинэчилж байсан түүхтэй. 

    Монголын усан спортын тамирчид Олимпын түүхэнд

    2020 он /ТОКИО/

    2020 онд Японы Токио хотод болсон Олимпод усан спортын анхны эмэгтэй ОУХМ Б.Энххүслэн, М.Дэлгэрхүү нар оролцож байв. ОУХМ Б.Энххүслэн 50м-ын чөлөөт сэлэлтийн уралдаанд уралдаж, 81 тамирчнаас 51-р байранд орж байв. М.Дэлгэрхүүгийн хувьд мөн адил 50м-ын чөлөөт сэлэлтийн уралдаанд 73 тамирчинтай өрсөлдөж 48-р байр эзэлж байжээ. 

    Монголын усан спортын тамирчид Олимпын түүхэнд

    2024 он /ПАРИС/

    Тэгвэл 2024 он буюу энэ оны Парисын наадамд манай улсаас тун онцлог буюу төрсөн эгч дүү нар болох Б.Энххүслэн, Б.Энхтамир нар оролцсон. Б.Энххүслэн хоёр дахь удаагаа олимпын наадамдаа өрсөлдсөн бол Б.Энхтамирын хувьд анхны олимподоо оролцсон явдал байв. Оролцох оролцохдоо Олимпын наадамд албан ёсоор эрхээ авч оролцон түүх бүтээсэн билээ. Тэрбээр эмэгтэйчүүдийн 200м-ын чөлөөт сэлэлтийн уралдааны хоёр дахь гараанд уралдан 6-р байранд орсон ба 1:59.94 амжилттайгаар нийт 80 тамирчнаас 18-р байранд орлоо. Түүний дараа дүү Б.Энххүслэн эрэгтэйчүүдийн 100м-ын чөлөөт сэлэлтийн уралдаанд 4 дэх гараанд гарч уралдлаа. Орон орны шилдгүүдтэй өрсөлдсөн өрсөлдөөнд 50:81 секундийн амжилттайгаар гараандаа 5-р байр эзлэв. Монгол улсын 100м-ын чөлөөт сэлэлтийн дээд амжилтыг эзэмшдэг Б.Энхтамир өмнө нь өөрийн үзүүлж байсан 51.55 амжилтаа ахиулан 50:81 болгосноор дахин Монгол улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон бахдам амжилт үзүүлэв. Тус төрөлд нийт 79 тамирчид өрсөлдсөнөөс манай тамирчин 50-р байрт жагсжээ. Ийнхүү спортын мастер С.Алтантуяа, Г.Галбадрах нарын олимпын буухиаг эгч дүү Б.Энхтамир, Б.Энххүслэн нар амжилттай үргэлжлүүллээ. 

    Монголын усан спортын тамирчид Олимпын түүхэнд
    Монголын усан спортын тамирчид Олимпын түүхэнд