MSports logo
Монголын шатарчид дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө
  • М
    Мөнхбаясгалан

    9 сарын 4

  • Монголын шатарчид дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө

    Дэлхийн шатрын хамгийн нэр хүндтэй, өргөн цар хүрээтэй тэмцээнүүдийн нэг болох Дэлхийн шатрын олимпиад энэ жил 46 дахь удаагаа Узбекистан улсын Самарканд хотноо зохион байгуулагдана.

    Монголын шатарчид дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө

    Хоёр жил тутамд нэг удаа болдог тус тэмцээн энэ жил есдүгээр сарын 15–27-ны өдрүүдэд үргэлжилж, дэлхийн 188 орны үндэсний шигшээ баг оролцох юм. Багууд Швейцарийн системээр нийт 11 өрөг тоглож, улс орныхоо нэрийн өмнөөс өрсөлдөнө.

    Монголын шатарчид дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө

    Дэлхийн шатрын олимпиад нь зөвхөн шатарчдын ур чадварыг сорьдог тэмцээн бус, улс орнуудын шигшээ багууд хүч үздэг дэлхийн хэмжээний томоохон спортын үйл явдал юм. Тиймээс тус тэмцээнийг “оюуны спортын олимп” хэмээн нэрлэх нь бий. Дэлхийн шилдэг шатарчид эх орныхоо далбаан дор нэг баг болон тоглож, өрөг бүрээс авсан оноогоороо багийнхаа амжилтыг тодорхойлно.

    Монголын шатарчид дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө

    Энэ жилийн олимпиадад Монгол Улс эрэгтэй, эмэгтэй хоёр шигшээ багаар оролцож, дэлхийн шилдэг шатарчидтай оюун ухаан, тактикийн өрсөлдөөн өрнүүлнэ.


    Монголын эрэгтэй багийн бүрэлдэхүүнд:

    1-р ширээ — GM С. Билгүүн

    2-р ширээ — IM М. Амилал

    3-р ширээ — IM Г. Амартүвшин

    4-р ширээ — IM Х. Итгэлт

    Нөөц тоглогч — IM Ү. Агьбилэг

    Багийн ахлагч — FT, WFM Б. Ану


    Харин эмэгтэй шигшээ багийг:

    1-р ширээ — WIM Б. Мөнгөнзул

    2-р ширээ — WGM Т. Мөнхзул

    3-р ширээ — WCM Х. Баясгалан

    4-р ширээ — IM, WGM Б. Мөнгөнтуул

    Нөөц тоглогч — WIM Б. Баярмаа

    Багийн ахлагч — FT Ц. Батсайхан нар бүрдүүлж байна.

    Монголын шатарчид дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө

    Ийнхүү Монголын шилдэг шатарчид Самарканд хотноо дэлхийн олон орны хүчирхэг багуудтай 11 өргийн турш өрсөлдөж, багийнхаа амжилтыг ахиулахын төлөө ширээний ард сууна. Дэлхийн шатрын олимпиад нь Монголын шатарчдын хувьд дэлхийн шилдгүүдтэй хүч сорихын зэрэгцээ олон улсын тавцанд ур чадвараа харуулах томоохон боломж болох юм.