Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA Монголын 3x3 сагсан бөмбөгийн шигшээ баг болон Ulaanbaatar Amazons багийн тоглогч Онолбаатарын Хуланг онцлон нийтлэл гаргажээ. Энэхүү холбоо 2026 оны FIBA 3x3 Women’s Series-ийн онцлох тоглогчдыг танилцуулдаг “WS Heroes” булангаараа Хуланг энэ удаа онцолж, түүний тоглолт, амжилт болон талбай дээрх тэмцэгч чанарыг өндрөөр үнэлсэн байна.
FIBA О.Хуланг “Дайчин гүнж” хэмээн онцолжээ
9 сарын 4
FIBA түүнийг тоглолтын шийдвэрлэх мөчид хариуцлага үүрч, багаа тэргүүлдэг, довтолгоо болон биеийн хүчний тоглолтоороо ялгардаг тамирчин хэмээн тодорхойлжээ. Улмаар Хуланг “Warrior Princess” буюу “Дайчин гүнж” хэмээн нэрлэсэн байна.
Ингээд Монголын 3x3 сагсан бөмбөгийн тамирчин Онолбаатарын Хуланг FIBA хэрхэн онцолсныг хүргэе.
2026 оны Women’s Series-ийн улиралд Ulaanbaatar Amazons баг Улаанбаатар болон Жинань хотын тэмцээнүүдэд түрүүлж, Вена, Сяньтао хотод болсон тэмцээнүүдэд финалд шалгарсан бол Сингапурын тэмцээнийг гуравдугаар байраар өндөрлүүлжээ.
Энэ амжилтад Хулангийн үзүүлсэн тоглолт чухал байр суурь эзэлсэн байна. Тэрээр Women’s Series-ийн тоглогчдын чансаанд 8 дугаарт бичигдэж байгаа ч нийт үзүүлэлтээрээ өндөр байр эзэлж байна. Хулан нь энэ улиралд 175 оноо, 127 самбар, 62 оновчтой дамжуулалт бүртгүүлжээ. Оновчтой дамжуулалтын үзүүлэлтээрээ тэрээр нийт тоглогчдын дунд хоёрдугаарт бичигдэж байна.
Хулангийн энэ улирлын хамгийн тод амжилтуудын нэг нь Жинань хотын тэмцээн байлаа.
Тэрээр Ulaanbaatar Amazons багийг түрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж, улмаар тэмцээний MVP буюу үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан юм.
Тус тэмцээний үеэр Хулан довтолгооны үзүүлэлтээр болон шийдвэрлэх мөчид амжилттай болгосон оноогоор хоёрт, нийт тоглогчийн оноо авалт, оновчтой дамжуулалт, самбараас бөмбөг авалтаар гуравдугаарт эрэмбэлэгдсэн байна.
Энэ нь түүнийг зөвхөн оноо авах чадвараар хязгаарлагддаггүйг харуулсан үзүүлэлт байв. Хулан довтолгоог эхлүүлэхээс гадна багийнхандаа боломж гаргаж, хамгаалалт болон самбарын төлөөх тэмцэлд ч чухал үүрэг гүйцэтгэдэг.
Онолбаатарын Хуланг амжилт зөвхөн Women’s Series цуврал тэмцээнээр хязгаарлагдахгүй.
Тэрээр Токио-2020 Олимпын наадамд Монголын 3x3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, Монгол Улсыг багийн спортын төрлөөр Олимпод анх удаа оролцоход түүхэн үүрэг гүйцэтгэсэн.
Мөн тэрээр Монголын Олимпын нээлтийн ёслолд туг барьсан анхны эмэгтэй тамирчин болсон юм.
Хулангийн түүх үүгээр дууссангүй. Тэрээр 2025 онд эх орондоо зохион байгуулагдсан FIBA 3x3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийг мөнгөн медаль хүртэхэд мөн чухал үүрэг гүйцэтгэсэн.
FIBA нийтлэлдээ Хуланг Монголын 3x3 сагсан бөмбөгийн хөгжил, олон улсын тавцан дахь өсөлтийг илэрхийлсэн тоглогч хэмээн онцолжээ.
Хулан болон Ulaanbaatar Amazons багийн дараагийн зорилго нь FIBA 3x3 Women’s Series Project Redwings Shanghai Final тэмцээн юм.
Ulaanbaatar Amazons тус тэмцээнд хоёрдугаар эрэмбэтэйгээр оролцох бөгөөд улирлын турш дэлхийн шилдэг багуудтай өрсөлдөж, тэднийг ялж чаддагаа харуулсан.
Олимпын анхдагчдаас эхлээд дэлхийн аваргын мөнгөн медаль, Women’s Series-ийн MVP хүртэл Хулангын замнал Монголын 3x3 сагсан бөмбөгийн өсөлттэй салшгүй холбоотой.
FIBA түүнийг “Дайчин гүнж” хэмээн нэрлэсэн нь ч учиртай. Учир нь тоглолтын хувь заяа шийдэгдэх мөчид Хулан хариуцлагаас зугтдаггүй, харин багийнхаа төлөө хамгийн хүнд мөчид урагш гарч ирдэг тоглогч юм.





