Монголын баг хаана гэнэтийн амжилт гаргаж болох вэ?
Холимог тулаан (MMA) 2026 оны Азийн наадмын хөтөлбөрт шинээр багтсан. Энэхүү шинэ төрөл нь Монголын тамирчдад нэмэлт медалийн боломж олгож байна. Тамирчид хамгийн сүүлд болсон Азийн MMA-ийн аварга шалгаруулах тэмцээнээс таван медаль хүртсэн. Түүнчлэн Монголын тамирчид чөлөөт бөх, жүдо болон бусад тулааны спортод уламжлалтай, өндөр амжилт үзүүлдэг учраас техникийн суурь сайтай.
Сурын харваа ч Монголын спортын салбарын бас нэгэн найдвар болж байна. Өмнөх Азийн наадамд Б.Отгонболд түрүүлснээр Монгол Улс энэ спортын төрлөөр олон улсын тэмцээнээс анхны медалиа хүртэж, цаашдын хөгжлийн томоохон түлхэц болсон.
Өдгөө Монголд олон авьяаслаг харваач төрөн гарч байна. Тэдний нэг нь Б.Оюун-Эрдэнэ бөгөөд энэ жил Азийн цомын тэмцээнд эмэгтэйчүүдийн өсвөрийн ангиллыг тэргүүлж, мөн холимог багийн төрөлд Б.Отгонболдын хамт алтан медаль хүртсэн.
Мөн 3×3 сагсан бөмбөгийн төрөлд өндөр хүлээлт бий. Өмнөх Азийн наадамд Монголын эрэгтэй баг хүрэл, эмэгтэй баг мөнгөн медаль хүртсэн. Харин өнгөрсөн жил Монгол Улсын эмэгтэй шигшээ баг эх орондоо болсон ДАШТ-ий финалд шалгарч, хүч чадлаа харуулсан.
Монголын багийн алтан медалийн гол найдвар чөлөөт бөх, жүдо болон сурын харваанд төвлөрч байгаа ч бокc, MMA, 3×3 сагсан бөмбөгийн сүүлийн үеийн амжилтууд нь медалийн тоог нэмэгдүүлэх итгэл найдварыг төрүүлж байна.